Байгальд хортой нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос гаргах ажилд дэлхийн банктай хамтарна

Байгальд хортой нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос гаргах ажилд дэлхийн банктай хамтарна

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БАОЖЯ болон Дэлхийн банкны өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Суурин төлөөлөгч Андрей Михнев МУ-ын Засгийн газрын түвшинд болон БОАЖ-ын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрт Дэлхийн банкны зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах ямар шийдлүүд байгаа талаар санал солилцохыг хүссэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: “Манай салбарын хувьд Дэлхийн банктай хамтран ажиллах ажлууд бий. Тухайлбал, Агаарын бохирдол, усны менежмент, хөрсний бохирдол, ховордсон ан амьтдын үржүүлэг, нутагшуулах, аялал жуулчлын салбарын үйлчилгээний асуудлуудыг дурьдаж болно. Мөн Хөвсгөл нуур болон Туул голоо хамгаалах, нөхөн сэргээх ажилд Дэлхийн банкны хамтын ажиллагаа том хөшүүрэг болно гэж бодож байна. Түүнээс гадна МУ-н Засгийн газар “Аялал жуулчлал”-ыг онцгойлон анхаарч тэргүүлэх чиглэлээ болгосон. Тиймээс энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Ковид-19 цар тахалтай холбогдуулан бид энэ жил аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хангахад гол анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.

Суурин төлөөлөгч Андрей Михнев: “Юуны түрүүнд дахин хамтран ажиллах болсондоо таатай байна. Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийн адил монгол орны байгаль, орчныг хамгаалах энэ чухал салбарт гар нийлж ажиллана гэж найдаж байна. Дэлхийн банкны хувьд хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын аюулгүй байдал юм. Энэ утгаараа бид хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Одоо нэг чухал төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ нь Улаанбаатар хотын байгаль, орчинд халтай үйлдвэрүүдийг хотоос гаргах төсөл юм. Энэ мэт үр дүнгээ өгсөн, томоохон төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлж Монголын байгаль орчныг хамгаалах, улмаар ард иргэдийн амьдралд туслана гэж итгэж байна” гэлээ.