П.Ганхүү: Хийн хоолойг төмөр зам дагуу барихаар тогтсон. Ирэх долоо хоногт хоёр тал уулзаж нууцлын гэрээ байгуулна

П.Ганхүү: Хийн хоолойг төмөр зам дагуу барихаар тогтсон. Ирэх долоо хоногт хоёр тал уулзаж нууцлын гэрээ байгуулна

“Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал П.Ганхүү өнөөдөр /2020.08.28/ хэрэгжүүлж эхэлж буй төсөл хөтөлбөрийн явц, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсаныг товч хүргэе. 

-ХИЙ ХООЛОЙГ ТАВЬСНААР НИЙТ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРНО ГЭСЭН УРЬДЧИЛСАН ТООЦООЛОЛ БАЙНА-

-Байгалийн хийг Монголоор дамжуулах төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. ОХУ-ын "Газпорм" компанитай хамтарсан компани байгуулах уу эсвэл төлбөрөө аваад явах уу?

-Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хийн хоолойн төслийг хариуцаад ажиллаж байна. Мэдээж, эхлээд судалгааны ажил, ТЭЗҮ-ийг боловсруулна шүү дээ. Хийн хоолойг төмөр замын дагуу тавина гэж трассыг нь тогтоосон. 1000 гаруй км хоолой манай нутаг дэвсгэрээр дайрна. Газпром компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Ирэх долоо хоногоос хоёр компани нууцлалын гэрээ хийнэ. 

Хувь, хувьцаа эзэмших үү, хөрөнгө мөнгө дагаж оролцох уу гэдэг нь эцэслэгдээгүй байна. Аль болох Монголын талд л ашигтай байхаар гэрээндээ тусгахаар ажиллана. Хий дамжуулах төлбөрийн тогтсон жишиг олон улсад бий. Энэ дагуу төлбөрөө авна гэсэн урьдчилсан нөхцөл байдал яригдаж байна. Уг төсөл дээр дотоод, гадаадын хуулийн болон санхүүгийн зөвлөх компаниудыг авч ажиллуулна. Тэгэж байж бизнес загвараа гаргана. Зураг төсөл боловсруулах болон бусад бүх үе шатанд Монголын талыг төлөөлөөд “Эрдэнэс Монгол” ХК ажиллаад явна.

-Төмөр замын дагуу трасс нь батлагдсан гэж та хэллээ. Худалдан авах БНХАУ-ын тал Монголоор дамжуулахыг зөвшөөрч байгаа юу?

-Хийн хоолой барих угсралтын ажил болон судалгаа эхлэх гэж байгаатай холбогдуулан БНХАУ, ОХУ, Монгол гэсэн гурван талын ажлын хэсэг гарч ажиллана. Худалдагч, худалдан авагч талуудын хооронд тодорхой хэмжээний ойлголт байгаа байх.

-Байгалйийн хийн хоолойг тавьснаар манай улсад орох орлого хэд байх вэ?

-Урьдчилсан тооцоогоор нийт тэрбум орчим ам долларын орлого орж ирэхээр байна. 

- 2021 ондоо амжиж ажил нь эхлэх үү?

-Трассынхаа дагуу ТЭЗҮ-г хийнэ. Энэ ажил тодорхой хугацааг авна. 2-3 жил байх уу одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ аль болох түргэн хийхээр төлөвлөж байгаа. Хоёр тал харилцан ярьж байна. ТЭЗҮ хийх хүрээндээ Оросын талтайгаа голлон харьцаж байна.

-Нууцлалын гэрээнд БНХАУ-ын тал оролцох уу?

-БНХАУ-ын талтай ажил хэргийн түвшинд харилцаж байгаа. ОХУ, БНХАУ өгнө, авна гэсэн зөвшилцөлгүй энэ ажил эхлэхгүй шүү дээ. Сургаар асар өндөр зардалтай ТЭЗҮ хийгдэхгүй.

-“Баялгийн сангаас” ард иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ ажил аль шатандаа явагдаж байна вэ?

-“Баялгийн сан”, хувьцааны тухай дэлгэрэнгүй танилцуулга удахгүй хийгдэнэ. “Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг Монгол иргэн бүр эзэмшинэ гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарах үед манай улсын нийт иргэдийн тоо 3 сая байсан. Харин одоо хүн амын тоо нэмэгдсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой шийдвэр гарна.