Ази, Номхон далайн бүсийн IV конгресс ҮРГЭЛЖИЛЖ байна

Ази, Номхон далайн бүсийн IV конгресс ҮРГЭЛЖИЛЖ байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс хоёр дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хуралдаан өнөөдөр өндөрлөж зочид, төлөөлөгчид нутаг буцах юм.

43 орны 600 гаруй төлөөлөгч “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр чуулж буй бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж нийт 72 илтгэлийг хэлэлцэж байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан оролцож байгаа юм.

Төлөөлөгчид конгрессыг зохион байгуулалт сайтай, бие биенээсээ сурах зүйл ихтэй ажил хэрэгч болж байна хэмээн  үнэлж буйгаа хэвлэлээр дамжуулан илэрхийллээ. 

Өнөөдөр илтгэлүүд үргэлжлэн тавигдсаны дараа хаалтын үйл ажиллагаа болох юм.