Унгарын лигт тоглодог хөлбөмбөгчин Г.Ганбаяртай ярилцлаа

Унгарын лигт тоглодог хөлбөмбөгчин Г.Ганбаяртай ярилцлаа

Монгол тамирчид амжилтаараа дэлхийд өрсөлдөж, шилдэгүүдтэй эн зэрэгцэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр тусмаа хүүхэд залуусын хувьд гадаадын чанартай тэмцээн, уралдаанд оролцож улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулах тохиолдол олноор гарах болжээ. Монголын хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуусын дундаас амжилтаараа ялгарч, Унгарын алдарт Пушкаш академид суралцаж буй Г.Ганбаярын хувьд одоо 20 настай. Анх 16 настайдаа Унгар улсыг зорьж, Европын топ академид суралцсан тэрээр хурд, хүч, чадвараараа гадны тамирчдаас ялгаран академийнхаа багаас дэд лигт дэвшин Активал Чаквар клубтэй гэрээ байгуулж чадсан авхаалжтай нэгэн.

Ийнхүү Монгол Улсаас буурал тивийн багтай мэргэжлийн гэрээ байгуулсан анхны тоглогч болсноор монгол хөвгүүд дэлхийн хөлбөмбөгийн топ багуудад тоглож монголчууд тэднийг цэнхэр дэлгэцээр уухайлан дэмжих баярт өдрүүд ойртсоор байгааг илтгэсэн томоохон үйл явдал болсон юм. Бид энэ удаагийнхаа зочноор түүнийг урьж, гаргасан амжилт, хүсэл мөрөөдлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-БАГААСАА Л ИХ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХҮҮХЭД БАЙСАН. НЭГДҮГЭЭР
АНГИАСАА ХӨЛБӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН-

-Сайн байна уу. Өөрийг тань хүмүүс Европын лигт тоглож байгаа анхны монгол тамирчин гэдэг утгаар нь их мэддэг болоод байна. Эхлээд хувь хүнийхээ талаас илүү дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сайн, сайн байна уу. Намайг Ганболдын Ганбаяр гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 20 настай. Анх Сэлэнгэ аймгийн II-р сургуульд сурч байгаад, орос анги нээгдсэнийх нь дараа IV-р сургууль руу шилжсэн. 2018 онд арван жилийн сургуулиа төгссөн.

-Хэдэн настайгаасаа хөлбөмбөг сонирхож эхэлсэн бэ? Энэ спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн?

- Анх 2007 оноос эхлэн н.Ганхуяг багшийн удирдлаган дор хөлбөмбөгийн дугуйланд хичээллэж эхэлсэн. Бага байхдаа ахыгаа дагаад байрныхаа урд их хөлбөмбөг тоглодог байсан л даа. Тэр үеэс л ах нар “энэ авьяастай хүүхэд, бэлтгэлд оруулна” гэж их хэлдэг байсан. Тэгээд л удалгүй бэлтгэлд орж, хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн дээ.

-Хэзээнээс Унгарт суралцахаар болсон бэ?

-2016 онд анх Унгар явж байсан. Есдүгээр ангидаа гэсэн үг. МХБХ болон Унгар улсын хамтын ажиллагааны үр дүнд тус улсад очиж суралцах боломж олдсон. 2016 онд одоо суралцаж байгаа Пушкаш академиас явуулж байсан сонгон шалгаруулалтанд орж, тэнцээд монголоос нийт дөрвөн тамирчин явж байсан.

-Унгарт анх очиход ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Мэдээж соёлын ялгаа гарч байсан байх?

-Анх ирээд юу ч мэдэхгүй байрнаасаа ч гардаггүй байлаа. Мэдээж соёлын ялгаа асар их гарч байсан. Заавал гарцаар ногоон гэрлээр гарах, гудамжинд хог хаяхгүй байх гэх мэт наад захын соёлын илрэлүүд эндхийн хүмүүсээс их харагдаж байсан. Ер нь энд ирээд их соёлжсон гэж хэлж болно.

-Анх дөрвөн тамирчин ирсэн гэлээ. Одоо хамт сурдаг монгол тамирчид байгаа юу?

-Өөр, өөр насны дөрвөн тамирчин ирж байсан. Гэхдээ одоо буцчихсан. Ер нь жил болгон хоёр тамирчин ирдэг. Миний мэдэж байгаагаар 10 гаруй монгол тамирчин ирээд жил болоод буцсан. Жилийн хугацаанд л ирдэг юм. Амжилттай суралцаж байгаа тамирчид үлддэг.

-ОДОО ПУШКАШ АКАДЕМИД МОНГОЛООС ГАНЦААРАА СУРАЛЦДАГ.
ЖИЛ БОЛГОН МОНГОЛООС ТАМИРЧИД ИРДЭГ Ч АМЖИЛТТАЙ
СУРАЛЦАЖ БУЙ НЬ Л ҮЛДДЭГ-

-Академийнхаа дотуур байранд амьдардаг уу?

-Тийм ээ, анх дотуур байранд амьдардаг байсан. Одоо дээд лигийн багтай гэрээ байгуулчихсан явж байгаа болохоор багийнхаа буудалд байрладаг.

-Чиний нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Өглөө босоод цайгаа уучихаад 10:00 цагаас эхний бэлтгэлээ хийнэ. 12:00 цагаас өдрийн хоолондоо орчихоод амардаг. Тэгээд 15:00 цагаас дараагийн бэлтгэлдээ орно. Бэлтгэлээ  хийчихээд, саун, массажинд ороод 19:00 цагт хоолондоо ордог. 19:00 цагаас хойш чөлөөт цаг эхэлнэ. Теннис, биллиарьд гэх мэт спорт тоглоомууд тоглож чөлөөт цагаа өнгөрүүдэг дээ.

-Академийнхаа талаар товч танилцуулаач. Нэлээн алдартай тамирчдыг бэлтгэн гаргадаг гэсэн?

-Унгарын алдарт Пушкаш академи нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа. Испанийн алдарт “Real Madrid C.F” багийн тоглогч Пушкашын /Puskas di Stefano/ нэрээр нэрлэсэн юм билээ. Пушкаш нь өөрөө тэр цаг үеийнхээ хамгийн алдартай тоглогч байсан. Энэ хугацаанд мэдээж олон чадварлаг тоглогчид төрөн гарсан. “SUZUKI CUP” гээд алдартай тэмцээнийг зохион байгуулдаг. Би уг тэмцээнд анх оролцоод хүрэл медаль авч байсан юм. Харин “Real Madrid” баг аварга болж байлаа.

-Унгарт очоод гадны тамирчдаас сурах зүйл их байсан байх?

-Мэдээж их байсан. Наад зах нь мэргэжлийн хооллолт, хувцасаа хэрхэн эмх цэгцтэй байлгах гэх мэт сурах зүйлс их байсан. Харин тоглолт, ур чадварын хувьд тийм сүртэй сураад байх зүйл байхгүй гэж бодож байна. Харин зарим талаараа илүү юм шиг санагдсан удаа бий.

-Гадны тоглогчид монгол тамирчдаас юугаа илүү давуу талтай байдаг бол, эсрэгээрээ манай улсын тамирчдын давуу тал юу юм бэ?

-Манай улсын тамирчид ер нь их хурд, хүч сайтай байдаг юм билээ. Миний хувьд анх ирэхдээ фитнессээр огт хичээллэдэггүй хүн ирж байлаа. Харин эндхийн тамирчид 12 наснаасаа эхлүүлээд л фитнесс болон, хүчний спортоор хичээллэж эхэлдэг. Гэтэл биеийн хүчээрээ бид нар хавь илүү байдаг нь олон зүйлээс харагдаж байсан. Жишээ нь, энд тамирчдаасаа хурд, хүчний тест үе үе авдаг. Тэр тестээр би хамгийн өндөр оноог авдаг. Дасгалжуулагч, багийхан маань надаас “өмнө нь фитнессээр хичээллэдэг байсан юм уу” гэж асуухад нь “нэг ч явж үзээгүй” гэж хариулахад огт итгэдэггүй. Магадгүй монгол хүний бие, физиологийн онцлог байх.

 

-ФИТНЕССЭЭР ОГТ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГААГҮЙ Ч ТАМИРЧДААС
АВДАГ ХУРД, ХҮЧНИЙ ТЕСТЭЭР ӨНДӨР ОНООГ НЬ АВАХАД
ДАСГАЛЖУУЛАГЧ МААНЬ ИХ ГАЙХАЖ БАЙСАН-

-Саяхан дээд лигтээ дуудагдаж, анхныхаа тоглолтыг хийсэн юм байна. Дасгалжуулагч нь энэ тоглолтонд чамайг заавал байх хэрэгтэй гэж үзсэн гэсэн. Яагаад өөрийгөө дуудагдсан гэж бодож байна?

-Тийм ээ, тэр тоглолтоор манай баг 3:0 хожигдчихсон /инээв/. Гэхдээ яван чангарна даа. Миний хувьд дээд лигийнхээ нөөцийн тоглогч гэж явдаг. Манай багийн хоёр тамирчны коронавирусийн шинжилгээ нь эерэг гараад, тэгээд л би дуудагдсан даа.

-Активал Чаквар гээд багтай гэрээ байгуулсан юм байна. Гэрээний хугацаа нь хэзээ дуусах вэ. Үүнийгээ дагаад мэдээж үүрэг хариуцлага нэмэгддэг байх?

-Активал Чаквар бол хоёдугаар лигийн баг. Би 2022 он хүртэл гэрээтэй. Мэдээж энд маш хатуу дүрэмтэй. Бэлтгэлээсээ нэг минут ч хоцрох эрхгүй. Талбай дээр зүй бус харилцаа гаргахыг  хатуу цээрлэдэг. Сая манай багийн нэг тоглогч улаан хуудас авч, 10 гаруй сая төгрөгөөр торгуулсан.

-Цаашдын тоглолтууд юу байна?

-Нээрээ өнөөдөр нэг гэнэтийн мэдээ сонссон нь нэгдүгээр лигийнхээ багт дуудагдаж тоглохоор болсон. Ер нь энэ улиралд нийтдээ 38 тоглолттой.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ. Өнгөрсөн хугацаанд амжилт гаргахад гэр бүлийнхэн нь их тусалж, дэмжсэн байх?

-Тийм ээ, аав, ээж, ах гээд бүгд л намайг их дэмждэг. Аав, ээж хоёр л гэхэд бараг надаас илүү хөлбөмбөг мэддэг болчихсон. Бүх тоглолтыг алгасалгүй үздэг. Ярих болгонд л хөлбөмбөг үзэж байна гэдэг. Зун амралтаараа очиход шөнийн нэг, хоёр цаг болчихсон байхад л хөлбөмбөг үзье гээд сууж байдаг. Бүр багаас маань эхлүүлээд л оролцсон бүх тэмцээн, уралдаанд маань хамт явж, бүх талаар тусалж, дэмждэг байсан.

-Хөлбөмбөгийн спортоос авдаг хамгийн гоё мэдрэмж нь юу вэ?

-Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж авдаг. Ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Хүмүүс ус уухгүй байж чаддаггүй шиг би хөлбөмбөг тоглохгүй байж чадахгүй. Гоол оруулахад л гэхэд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, хүч чадал маань хамгийн оргил цэгтээ хүрдэг. Маш гоё мэдрэмж.

-Энэ спортоор  хичээллэж эхлээд олон тэмцээнд орж байсан байх. Энэ хугацаанд санаанаас тань огт гардаггүй, өөрөөрөө хамгийн их бахархаж байсан ямар тэмцээн байдаг вэ?

-2015 онд футзалын анхны лигт аймгийнхаа багаар оролцоод алтан медаль авч, би “Шилдэг тоглогч” болж байсан. Тэр үед л анх удаа өөрөөрөө бахархаж үзсэн. Сарын хугацаанд үргэлжилсэн томоохон тэмцээн байсан юм. Орон нутгийнхны хувьд санхүүгийн асуудал хэцүү байсан болхоор хөлбөмбөгийн холбооны байран дээр гуйж байрлаж байсан. Ээж, аав хоёр тэр үед ч гэсэн ирчихсэн хамт байрлаад, манай багийнхны хоолыг хийгээд байж байсан. Тэр тэмцээнд дандаа шигшээ багийн мундаг хүүхдүүд орж байсан ч тэднийг хожоод аварга болж байсандаа өөрөөрөө, багийнхнаараа их бахархсан даа.

-ГЭР БҮЛИЙНХЭН МААНЬ НАМАЙГ БҮХ ТАЛААР МИНЬ ТУСАЛЖ, ДЭМЖДЭГ.
БАГА БАЙХАД ОРОЛЦДОГ БАЙСАН БҮХ ТЭМЦЭЭНД ЭЭЖ, ААВ ХОЁР
ДАГААД Л ЯВДАГ БАЙСАН-

-Томоохон тоглолтуудын үеэр сандардаг уу. Ер нь сэтгэлзүйгээ яаж бэлддэг вэ?

-Би ер нь огт сандардаггүй, маш тайван тоглодог. Энэ нь магадгүй миний хамгийн том давуу тал байх. Чухал гэсэн тэмцээнүүдэд улам сайн тоглодог. Сандарч, тэвдэж алдаа гаргах нь маш бага. Ер нь алдаа гаргасан ч сандардаггүй. Маш тайван байж, өөртөө итгэлтэй байдаг.

-Цаашдынхаа зорилго, төлөвлөгөөнийхөө талаар хуваалцаач. Ямар мөрөөдөлтэй вэ?

-Ер нь өөрийгөө хаа хүрч чадахыг харна л гэж боддог. Би мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг их хүсдэг байсан. Үүнийгээ биелүүлчихсэн. Харин цаашдаа улам чадваржиж Англи юмуу Испанийн том лигүүдийн багт тоглохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлийнхөө эхний алхамыг бас хийчихсэн гэж бодож байна.

-Хөлбөмбөгөөр хичээллэж байгаа хүүхдүүдэд хандаж, юу гэж хэлэх вэ. Энэ спортод амжилт гаргахад юу хамгийн чухал байдаг юм бол?

-Ер нь хувь хүний өөрийнх нь хичээл, зүтгэл хамгийн чухал гэж боддог. Зорилго, тэмүүлэлтэй байж, түүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөвөл хаана ч боломж бий. Тиймээс үнэхээр зүрх сэтгэлээсээ энэ спортод дуртай бол шантралгүй хөдөлмөрлөөрэй л гэж хэлье даа. Мөн тамирчин хүний хувьд бэртэл, гэмтэлгүй байх нь хамгийн чухал учраас өөрийгөө бэртэхээс маш сайн сэргийлж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.