А.Амбасэлмаа: 678 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 295 хүн эдгэсэн

А.Амбасэлмаа: 678 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 295 хүн эдгэсэн

ЭМЯ-наас өдөр бүр хүргэдэг ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр улсын хэмжээнд наймдугаар сарын 30-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр "Наймдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 678 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус халдвар илрээгүй.

Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүн,
  • Алтанбулагаар орж ирсэн 44 жолооч,
  • Эмнэлгийн эмч, ажилчид гурван хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байруудад байгаа 87 хүний давтан шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн орж ирж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний ажиглалтад тандалтын хугацаа бүрэн дууссан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар зургаан хүн эмчлэгдэж байгаа. Тэдний биеийн байдал хөнгөн байна" гэж мэдээллээ.