1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Сангийн яамны зөвшөөрлөөр иргэдийн дансруу шилжүүлнэ

1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Сангийн яамны зөвшөөрлөөр иргэдийн дансруу шилжүүлнэ

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл иргэдэд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 17-нд гаргаж байв. Ингэхдээ нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Гэхдээ үүнээс Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм.

1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд гарчээ.

Энэ талаар ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөр "Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн бичилтийг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний авах ёстой ногдол ашиг буюу мөнгийг байршуулсан. Энэ дагуу Сангийн яамнаас иргэдийн арилжааны банкны данс руу мөнгийг шилжүүлэх юм. Иргэдийн үнэт цаасны данс, арилжааны банкны дансыг тулгах ажил өдөр бүр хийгдэж байна. Эхний ээлжид хоёр данс нь зөрөөгүй, баталгаажсан иргэдийн бичилтийг хийж байгаа нь энэ юм" хэмээн тайлбарлалаа. Түүнчлэн өнөөдөр 14:00 цагт 1,072 Хувьцаа Мэдээллийн Төв пэйж хуудсаар иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгөх юм байна.

"Эрдэнэс Таван Толгой"  ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлжээ.