Ч.Ганзориг: Хүний нутагт ядарч ажиллаж байхад  санааг нь зовоосонд үнэхээр уучлаарай, Ээж ээ

Ч.Ганзориг: Хүний нутагт ядарч ажиллаж байхад санааг нь зовоосонд үнэхээр уучлаарай, Ээж ээ

Сонгино-хайрхан дүүрэг, Толгойтын эцэст орших эгэл жирийн нэгэн айлын гэрээр хүүхдийн хөл тасрахгүй аж. Арван жилийн ахлах ангийн хэсэг сурагчид ангийн найз Ч.Ганзоригийгоо эргэж яваа нь энэ. Өглөө, өдөр, оройг ялгалгүй хүндээр өвдсөн найздаа сэтгэлийн дэм өгөхөөр гэнэн цагаан сэтгэлээр инээд “цүнхэлж” ирээд хэсэгхэн хугацаанд бяцхан хүүгийн өвчнийг мартуулна.

Чинзоригийн Ганзориг хүү 14 настай. Түүний ээж Г.Ганцэцэг Өмнөд Солонгос улс руу яваад нэг жил өнгөрчээ. Том хүүгээ төгсөхөд нь сайн сургуульд оруулна хэмээн зориг шулуудан хүний нутгийг зорьсон нь энэ. Ээжийгээ ирэхээр “ийм ч юм хийнэ, тийм ч газар очно” хэмээн хоёр хүү нь хуруу тоолон хүлээж, мөрөөдсөөр өдөр хоног хөвөрч байлаа. Гэтэл Ч.Ганзориг хүүгийн хөл нь гэнэт өвдөж эхэлжээ. Эхэндээ хазгай гишгэсээр эмээ, эгчдээ хэлтэл “өндөр болж байгаа юм байлгүй дээ, миний хүү” гээд тос түрхэж өгөөд өнгөрч. Эв эрүүл хүү нь тийм хүндээр өвдсөн гэж тэд төсөөлөх ч үгүй байсан биз.

Хазгай гишгэсэн хөл нь хэвийн болохгүй байсаар хоёр, гурван өдөр болсон тул эмнэлэгт үзүүлэхэд маш ховор төрлийн ясны хорт хавдар гэсэн онош тавигджээ. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн тул хэд хэдэн улс руу хүсэлт гаргахад БНТУ-ын эмнэлэгт эмчлэгдэх боломжтой гэсэн сайхан мэдээ дуулгасан байна. Эмчилгээний зардал 435 сая төгрөг, эдгэх магадлал 100 хувь. Бид Ч.Ганзориг хүүгийн гэрийг зорьж, түүний эмээ болон дүүтэй нь хэсэгхэн хугацаанд ярилцлаа. “Ээжийгээ ирэхээр хамгийн түрүүнд тэвэрмээр байна, эдгээд ээж, дүү, эмээтэйгээ аяллаар явна” гэж ярих хүүгийн бие нь тааруу харагдах ч,  нүдэнд нь итгэл найдвар гэрэлтсээр байлаа.

-ХҮҮГИЙН ЭМЭЭ Б.ЦЭРЭНЦЭЦЭГ: ОХИН МААНЬ ХҮҮГЭЭ САЙН
СУРГУУЛЬД ОРУУЛНА ГЭЭД Л СОЛОНГОС РУУ ЯВСАН

-Ч.Ганзориг хүү хэзээ өвдөж эхэлсэн бэ. Аль эмнэлэгт үзүүлэв?

-Зээ хүү маань анх хазгай гишгэж яваад байсан юм. “Миний хүү яагаад хазгай гишгээд байгаа юм бэ” гэхэд “өвдөгний үеэр өвдөөд байна” гэсэн. Хүүхэд өсөхөөр хөл нь өвддөг гэдэг шүү дээ. Бид ч муу зүйл бодохгүйгээр тос түрхэж өгөөд өнгөрсөн. Гэтэл  хоёр гурван хоног хазгай гишгэх нь зүгээр болохгүй байсан тул Мед эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Эхний шинжилгээгээр “ хавдартай” гэсэн онош тавигдаж, “Хавдар судлалын үндэсний төвд үзүүл” гэдэг юм байна. Дотроо “хоргүй хавдар байгаасай, хүүд минь муу зүйл битгий тохиолдоосой” гэж залбирсаар тавдугаар сарын 27-нд Хавдар судлалын Үндэсний төвд очиж шинжилгээ өгсөн. Маш ховор төрлийн ясны хорт хавдар, Монголд эмчлэгдэх боломжгүй гэдгийг дуулаад тэнгэр нураад ирсэн юм шиг л болсон. Сэргэлэн цовоо, хичээл номдоо сайн, ухаалаг хүү минь гэнэт л ийм хүндээр өвдсөн гэдгийг дуулаад итгэж чадахгүй үнэхээр хэцүү байсан.

-Анх шинжилгээ өгөхөд хавдар хэр зэрэг тархсан байв?

-Шинжилгээ өгсний дараа яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ердөө долоон хоногийн дараа хагалгаанд орж, долдугаар сарын 18-нд Улсын нэгдүгээр эмнэлэгт шинжилгээ өгөхөд хавдар мөр, хоёр өвдөг, баруун гарын бугалга, сээрний 12-р үед үсэрхийлсэн байна гэж гарсан юм. Одоо хавдар маш хурдацтай тархаж байгаа болохоор яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн.

-Ямар, ямар улсын эмнэлгүүдэд эмчилгээний хүсэлт гаргасан бэ?

-Нэгдүгээр эмнэлгээс Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай гадаадын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн. Дараа нь бид БНХАУ, Өмнөд Солонгос, Турк улсууд руу бичгээ явуулсан юм.  Өмнөд Солонгос татгалзсан. Харин Туркид эмчлэгдэх боломжтой гэсэн хариу өгсөн. Туркээс яаралтай эмчлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн.

-Эмчилгээний зардал хэдэн төгрөг болж байна?

-Эмчилгээний зардал нь 18 сараар гарчихсан. Нийт 140 мянган ам доллар буюу 435 сая төгрөг болно гэсэн. Үүнд нэмэлт ямар нэгэн зардал ороогүй, зөвхөн эмчилгээний зардал л багтсан байгаа.

-Ч.Ганзориг хүүд туслах хандивын аян сошиал сүлжээнд энэ сарын 17-оос хойш өрнөж байна. Энэ хугацаанд хэчнээн төгрөг цугласан вэ?

-Хүүгийн эмчилгээний хандивын данс ээжийнх нь данс. Охин маань хүмүүс хандив өгөх бүрт өөрийнхөө цахим хаягт бичиж байгаа.  Бид нар хүүгээ асрахад хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байгаа болохоор яг хэдэн төгрөг цугларсныг сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход  16 сая орчим төгрөг цугларсан гэж байсан. Хэд хэдэн олны танил, жүжигчин хүүхдүүд ирж хүүтэй маань уулзаад хандивын аянд оролцохыг уриалсан. Бид нар үнэхээр их баярлаж байгаа. Ах дүү, хамаатан садангаасаа тусламж гуйсан ч тийм их мөнгө олж чадахгүй шүү дээ. Бас ангийнх нь найзууд өдөр бүр ирж байгаа. Өглөө, орой ирээд явдаг. Хүү маань ангийнхандаа нэр хүндтэй, хичээл сурлагадаа ч сайн. Томчуулын үгэнд ч сайн ордог ухаалаг хүүхэд болохоор найз олонтой байдаг юм.

-Одоо ямар эмчилгээ хийлгэж байна?  

-Хавдар судлалд эмчлэгдэх боломжгүй гэсэн. Тиймээс одоо Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд химийн эмчилгээ хийлгэж байгаа. Нийт таван удаа орох ёстой. Есдүгээр сарын 3-нд гурав дахь эмчилгээгээ хийлгэнэ. Хүү маань өвдөөд тэсэхийн аргагүй болоход нь“түргэн дуудъя” гэхээр ээжийн санаа зовчихно, хэрэггүй гэдэг. Химийн эмчилгээ хийлгэснээс хойш богино хугацаанд найман хил турчихсан. Урьд нь ерөөсөө өвдөж байгаагүй, цовоо сэргэлэн хүү маань нэг л өдөр ийм хүндээр өвдчихнө гэж яаж санах билээ. Хүү маань их сэтгэл өөдрөг байхыг хичээж байгаа. Сэтгэл санаа өөдрөг байх нь хавдрын эсийг дарангуйлдаг шүү дээ. “Би эдгэнэ, заавал эдгэнэ тийм ээ, эмээ” гээд л байдаг юм.

-Охин тань Өмнөд Солонгост тусгай үүргийн онгоцонд багтаж чадахгүй байсаар, элчингийн гадаа хонон, өнжин байж ирж байгаа гэсэн мэдээ байсан?

-Анх зээ хүүгээ хорт хавдраар өвдсөнийг дуулаад охиноо ир гэж нэг их яаруулаагүй юм. Учир нь БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт хүсэлт гаргачихсан түүнийгээ хүлээж байсан юм. Маш их залбирч, хүлээсэн ч боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд л охиноо ир гэсэн юм. Хэд хэдэн тусгай үүргийн онгоцонд нэр нь ороогүй удсаар элчингийн гадаа дөрвөн өдөр суулт хийсэн. Учир байдлаа хэлж, өргөдөл бичсэний эцэст Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тушаал гаргаж, есдүгээр сарын 3-ны онгоцонд нэрийг нь оруулж өгсөн. Энэ нялх амьтад чинь ээжийгээ санаад л харахад өрөвдмөөр. Одоо ээж нь ирээд 21 хоног тусгаарлагдана. Тэгээд л ээжтэйгээ уулзана гэхээр хүлээж тэсэхгүй байгаа байх .Охин маань урьд нь хүүхдүүдээсээ хол явж байгаагүй. Том хүүгээ ахлах ангид орж байгаа болохоор сайн их сургуульд оруулна гээд сургалтын төлбөрийг нь олж, ажил хийхээр явсан юм.

-Ч.ГАНЗОРИГ: ХҮНИЙ НУТАГТ ЭЭЖИЙГЭЭ ЯДАРЧ, АЖИЛЛАЖ БАЙХАД
САНААГ НЬ ЗОВООСОНД ХҮҮГЭЭ УУЧЛААРАЙ

-Сайн уу.Миний дүү одоо бие хэр байна, ямар зовуурь илэрч байна?

-Сайн байна уу. Намайг Чинзоририйн Ганзориг гэдэг. Би 14 настай. Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн 107-р сургуулийн 9б бүлэгт сурдаг.  Бие маань сайнгүй л байна. Хамраас нь цус ойр ойрхон гарч, хоолой сөөж, ханиалгаад цээж  хөндүүрлээ, дотор муухайрч, үе үе бөөлжөөд байгаа. Бас гарт  химийн тарианы гуурс суулгасан болохоор их өвдөөд байгаа.

-Ээж нь удахгүй ирнэ. Ээжийгээ санаж байна уу?

-Тийм ээ. Ээжийгээ ирнэ гэдгийг дуулаад маш их баярласан. Ээжийгээ зөндөө их санасан. Ээж маань ирж байгаад үнэхээр баяртай байна. Ээжийгээ ирэхээр хамгийн түрүүнд чанга тэврээд үнсүүлмээр байна. Ээжийнхээ үнэрийг маш их санаж байна. Хүний нутагт ядарч ажиллаж байхад  санааг нь зовоосонд үнэхээр уучлаарай, ээж ээ.

-Миний дүү том болоод ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Би том болоод комьпютерийн инженер болохыг мөрөөддөг. Комьпютерийн инженер болоод гар утас, комьпютерийн тоглоом, хүмүүст хэрэгтэй олон программ шинээр зохион бүтээнэ гэж мөрөөддөг. Мундаг инженер болчхоод эмээ, ээж, дүүтэйгээ хамт сайхан амьдарна.

-Чамд маш олон хүн тусалсан. Цаашид ч туслах байх. Тэдгээр хүмүүст хандаад юу гэж хэлмээр байна?

-Би заавал эдгээд эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна. Надад тусалж, хөл дээр минь зогсоход тусалж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.

Ч.Ганзоригийн дүү Ч. Амармэнд

Биднийг ярьж байхад сэргэлэн нүдтэй нэгэн хүү томоотой ажин сууж байлаа. Тэр бол Ч.Ганзоригийн дүү Ч. Амармэнд. “Ээжийгээ ирэхээр хамгийн түрүүнд гоё хоол хийж өгнө. Би ахыгаа сайн асраад эдгэхээр нь эмээ, ах, ээжтэйгээ хамт хөдөө аяллаар явна” хэмээн цовоо сэргэлэн дуугаар бидэнд мөрөөдлөө ярьсан юм.

435 сая төгрөг танд маш их мөнгө мэт санагдаж байж болох юм.   Гэхдээ дуслыг хураавал далай гэдэг шиг хүн бүр чадахынхаа хэрээр Чинзоригийн Ганзориг хүүд тусалвал энэ мөнгө тийм ч их мөнгө биш. Бид өдөр тутамдаа хэрэггүй зүйлд мөнгө зарсаар л байдаг. Гэтэл тэр мөнгөөр бүхэл бүтэн нэг амь, нэг гэр бүлийн аз жаргалыг бүтэн үлдээж чадна гэдгийг та битгий мартаарай.

Ч.Ганзориг хүүд туслах хандивын данс:

-Солонгос данс “Kookmin bank”-29250201306131/Г.Ганцэцэг/

-Хаан банк-5400525802 /Г.Ганцэцэг/

-Төрийн банк-104400538521 /Г.Ганцэцэг/