Монголоос Youtube-ын анхны “Gold Play Button” авсан Э.Золатай ярилцлаа

Монголоос Youtube-ын анхны “Gold Play Button” авсан Э.Золатай ярилцлаа

Монголын цөөхөн хэдэн youtube-чдын нэг, цөөхөн хэдээсээ "гаднынханд" хүртэл контентээрээ танигдаж өөрийн Youtube Сhannel-дээ аль хэдийн нэг сая гаруй дагагчтай болсон Энхтайваны Зола хэмээх бүсгүйтэй бид энэ удаа ярилцлаа. Тэрээр “ASMR SOUND QUEEN” youtube сувгийг хөтөлдөг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зүйлсээр тун сонирхолтой, өвөрмөц ASMR бичлэг хийдэг. Э.Зола саяхан youtube-н “Gold Play Button” буюу хамгийн их хандалттай сувгуудад өгдөг алтан пайзыг авч, Монголын анхны “Gold Play Button”-ий эзэн хэмээх цолыг хүртсэн юм.

“ASMR” бичлэгүүд нь “YouTube” дэх хамгийн эрэлт хэрэгцээтэй видео, контентын нэг аль хэдийн болжээ. Энэ нь “Autonomous Sensory Meridian Response” хэмээх үгийн товчлол бөгөөд тархинд ханамж өгдөг ямар нэгэн зүйлийг сонсох эсвэл харах үед тайвшрах, стресс, түгшүүрээ тайлах гэсэн утгаар хэрэглэгддэг.

-АНХ  ЯАГААД ОРОЛДОЖ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДООД Л ЭХЭЛЖ БАЙЛАА-

-Монголын анхны youtube-ийн “Gold Play Button/алтан пайз/ авсан эмэгтэй youtuber Зола хэмээх нэрээр таныг хүмүүс таньдаг болсон. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулаач.

-Намайг Энхтайваны Зола гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Ахлах сургуулийн төгсөх ангидаа Америк руу нүүж ирээд одоо Вашингтонд суурьшин ес дэх жилдээ амьдарч байна. Анх энд ерөнхий боловсролын боловсрол авах гэж ирж байсан юм. Саяхан би “George Mason”-ий их сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн. Одоогоор нэгэн санхүүгийн байгууллагад аудитын чиглэлээр ажиллаж байна.

-Youtube суваг нээх санаа хэрхэн төрж байв, яагаад заавал “ASMR” бичлэг хийх болсон бэ?

-Би их сургуульд сурч байхдаа хүүгээ төрүүлсэн юм. Хүүхдээ төрүүлэхээс өмнө сургуульдаа явахын хажуугаар цагийн ажил хийж, сургуулийнхаа төлбөр, бас амьжиргааны зардлаа олдог байсан. Хүүгээ төрүүлсний дараа гэр сургуулийн хооронд ажил хийх боломж тэр болгон гарахгүй шүү дээ. Тэгээд ямар аргаар, яаж гэрээсээ ажиллаж болох вэ гэж хайж, судалсны эцэст Youtube-д бичлэг хийх санаа төрсөн юм. Би өөрөө “ASMR” бичлэг их үзэх дуртай. Тэгээд яагаад оролдож үзэж болохгүй гэж бодоод “youtube” сувгаа нээж байлаа.

-Бага байхдаа юунд сонирхолтой хүүхэд байв. Бичлэг хийх болсон нь багийн хүсэл сонирхолтой холбоотой юу?

-Бага байхдаа би загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан. Ямар нэгэн контент хийх санаа, сэдэл ерөөсөө төрж байгаагүй ээ.  Гэхдээ багадаа “Youtube” хийдэг хүмүүсийг харахад гоё санагддаг байсан.

-Контентын санаагаа хэрхэн олдог вэ?

-Ер нь хүмүүс юу үзэхийг хамгийн их хүсч байгааг судалж аль болох содон, урьд өмнө нь гарч байгаагүй, өвөрмөц бичлэг хийхийг зорьдог. Гэхдээ сувгийн маань үзэгчид миний и-мейл болон цахим хаягаар ямар бичлэг үзмээр байгаагаа хэлдэг болохоор бичлэгийн санаагаа олоход илүү амар байдаг. Нөгөө талаар үзэгчидтэйгээ ойр байвал сувгийн хандалтад ч сайнаар нөлөөлнө шүү дээ.

-ASMR бичлэгийн өөр ямар төрлийг нь үзэх дуртай байсан бэ?

-Би ASMR-г “Oddly Satisfying” гэдэг төрөлтэй хамтад нь хослуулж хийдэг. Аль болох хүний дүрс ороогүй, гэрэлтүүлэг, дуу, дүрсний чанар сайтай бичлэг үзэх дуртай. Youtube ороод санал болгож буй бичлэг дундаасаа хайж байгаад л үздэг юм.

-Хэзээ “Gold Play Button” авсан бэ. Анх задалж үзэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Анх суваг нээгээд нэг жил хагасын дараа Silver Play Button авч байсан“Gold Play Button”-оо би өнгөрсөн тавдугаар сард авсан. Үнэхээр нүдэндээ итгээгүй шүү. Анх “Silver play button”-оо авчхаад дахиад “button” авахгүй гэж бодсон. Гэтэл “Gold Play Button” ирсэн. Үнэхээр их баярласан.

-ЗӨВХӨН YOUTUBE-ЭЭР ДАГНАН ОРЛОГОЖИЖ  АМЬДРАХ БОЛОМЖТОЙ-

-Та гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан “ASMR” хийдэг шүү дээ. Ер нь анхдагч гэж хэлж болох уу. Танаас өмнө ийм төрлийн “АSMR” хийдэг youtuber байсан уу?

-Би анхдагч бол биш ээ. Гэхдээ анх их цөөхөн сувгууд иймэрхүү төрлийн бичлэг хийдэг байсан. Тэр үед хийж эхэлсэн болохоор суваг маань илүү олон хүнд танигдаж чадсан байх. Хоол, уух зүйл гэх мэт хүн бүхний мэддэг, хоорондоо ялгарах зүйлгүй контентууд дундаас ялгарах амаргүй шүү дээ. Харин тэр болгон хийгдээд байдаггүй төрлүүдээр бичлэг хийвэл илүү амжилттай байх юм шиг санагдаж байсан.

-Та маш олон гоо сайхны бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлүүдээр ASMR хийдэг шүү дээ. Нэг удаагийн бичлэг хийхэд дунджаар хичнээн хэмжээний зардал гардаг вэ?

-Ер нь тухайн бичлэгээсээ хамаарч зардал янз бүр гарна. Ихэвчлэн янз бүрийн брэндүүд бүтээгдэхүүнээ санал болгож, "бичлэгээ хийж болох уу" гээд явуулдаг болохоор зардал харьцангуй бага гардаг юм. Би youtube студиэ ойр ойрхон шинэчлэх дуртай. Тийм болохоор ашигласан бүтээгдэхүүн гэхээс илүүтэй гэрэлтүүлэг, камер, микрофон зэрэгт багагүй зардал гардаг.

-Бичлэгт ашигласан бүтээгдэхүүнүүдээ яадаг вэ?

-Ихэвчдэн хаягдал болдог. Гэхдээ аль болох дахин ашиглахыг хичээдэг.

-Бичлэг хийхэд нэлээдгүй цаг ордог байх. Ажлынхаа хажуугаар хэрхэн амжуулж байна?

-Би өглөө, өдрийн цагаар хүүгээ харангаа ажлаа хийдэг болохоор бичлэг эвлүүлэх цаг орой л гардаг. Ихэвчлэн хүүгээ унтуулчхаад сhannel-ийнхаа ажлыг эхэлдэг дээ. Бичлэгээ эвлүүлж дуусахад үүр цайчихсан байдаг. Нэг бичлэгийг бүрэн эвлүүлж дуусахад хамгийн удаандаа 12 цаг ордог. Гэхдээ тухайн үед шинэ программ ашиглаж хийж байсан болохоор амаргүй байсан. Одоо гарт ороод арай хурдан эвлүүлгээ хийдэг болсон. Би бичлэгүүдээ “Davinci resolve bas audacity” гэдэг программ ашиглан эвлүүлдэг. Анх сурахад жаахан толгой эргэмээр, залхуутай, шантармаар санагдаж байлаа. Бага, багаар өдөр өдрөөр л сурч, мэддэг болсон. Бичлэгээ аль болох долоо хоногт 3-4-ийг оруулахыг зорьдог. Тийм болохоор зав гарах л юм бол Youtube-ээ хийхийг хичээдэг.

-Хамгийн эхний бичлэгээ үзэхэд ямар мэдрэмж, төрж байв. Хүмүүс үзэх болов уу гэсэн айдас байв уу.

-Бага зэрэг айдастай байсан шүү. Хүмүүсээс ямар сэтгэгдэл ирэх бол, тэдэнд таалагдах болов уу, ямар шүүмж хэлэх бол, таалагдахгүй бол яана аа гээд санаа зовж байлаа.

-Тань руу олон хүн бичлэгийн талаар сэтгэгдэл бичдэг байх. Ер нь ихэвчлэн ямархуу сэтгэгдлүүд ирж байна?

-Ихэвчлэн “баярлалаа”, “таны бичлэгийг үзээд стресс тайлагддаг шүү” гэсэн эерэг сэтгэгдлүүд ирдэг. Тэр болгонд урам орж, илүү их хичээдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр сөрөг сэтгэгдлүүд ч ирдэг. Сөрөг зүйлд нэг их ач холбогдол өгөхгүй байхыг хичээдэг.

-ХҮССЭН ХЭМЖЭЭНДЭЭ ОЧТОЛ БҮҮ БУУЖ ӨГӨӨРЭЙ-

-“Youtube сhannel” нээж, контент хийгээд орлогожих боломж хэр байдаг вэ?

- Зөвхөн youtube хийж, орлого олон амьдрах боломж бол бий. Хүмүүс шууд л тогтсон цалин авдаг уу гэж асуудаг. Ер нь бол янз бүр л байдаг. Орлого үзэлтээсээ хамаарч хэлбэлзэж байдаг. Анх дөнгөж эхлээд орлого олно гэж байхгүй, яваандаа хэр их хандалт авч байгаагаас хамаараад youtube компаниас цалинжих боломж байдаг.

-Гэр бүлийнхэн тань таны сонирхлыг хэрхэн хүлээж авдаг вэ. Бичлэгийг тань анх үзээд юу гэж хэлж байв?

-ASMR-ийг зарим хүн ойлгохгүй, таалагдахгүй байх нь бий. Гэхдээ гэрийнхэн маань намайг их дэмждэг, бичлэгүүдийг маань дуртай үздэг. Анх үзчихээд л их гайхаж, ийм юм бас байдаг юм уу гээд л ASMR-н бичлэгний төрлүүдийг сонирхож байсан.   

-Юунаас урам зориг авдаг вэ?

-Надад баярлалаа гэж хэлдэг хүмүүс бас гоё бичлэг болжээ гэж эерэг сэтгэгдэл үлдээдэг  хүмүүсээс урам зориг авдаг. Мэдээж би дургүй зүйлээ хийгээгүй, дуртай зүйлээ хийж байгаа болохоор эндээс урам зориг авч аз жаргалыг мэдэрдэг дээ.

Золагийн youtube суваг аль хэдийн 1,1 сая дагагчтай болжээ

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Эх орноо санаж байна уу?

-Маш их санаж байна. Хамгийн сүүлд 2016 онд очсон. Одоо коронавирусээс болоод эх орондоо очих маань жаахан хойшилсон. Гэхдээ удахгүй очно гэж бодохоор тэсэн ядан хүлээж байна.

-Таны сувгийг үзэх дуртай, мөн тань шиг “youtuber болох сонирхолтой залууст хандаж үг хэлээч?

-Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа, би илүү сонирхолтой зүйлсийг хийхийн тулд хичээнэ ээ. Харин youtuber болох сонирхолтой залууст үнэхээр сонирхолтой, дуртай л бол юунаас ч айж, эмээлгүйгээр зүгээр л хиймээр байгаа зүйлээ хийх хэрэгтэй. Бүх зүйл багаас, доороос эхэлдэг. Нэг өдрийн дотро шууд амжилтад хүрнэ гэж байхгүй. Бичлэгээ хийх явцдаа шантрах үе гарсан ч хүссэн хэмжээндээ хүртлээ бүү бууж өгөөрэй, оролдоод л байгаарай гэж хэлье.

-Та сая хүссэн хэмжээндээ хүртэл бүү бууж өгөөрэй гэж хэллээ. Таны хувьд хүссэн хэмжээндээ хүрч чадсан болов уу?

-Хараахан хүрээгүй ээ. Харин замдаа явна гэж хэлбэл зүйтэй байх.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч мөн амжилт хүсье.  

ВИДЕО:/Түүний сувагт байршсан "SOAP OPENING ASMR" бичлэгийг гэхэд л 59 сая удаа үзжээ/