А.Амбасэлмаа: Хоёр хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 306 боллоо

А.Амбасэлмаа: Хоёр хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 306 боллоо

ЭМЯ-наас өдөр бүр мэдээллэдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын нөхцөл байдал, хийсэн шинжилгээний талаарх мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “Өнөөдөр манай улсад 400 гаруй хүн тусгаарлалтанд шинээр орсон. Одоогоор нийт 3813 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна. Эдгээр хүмүүст 28 их эмч, 21 резидэнт эмч үйлчилж байна. 2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр 484 хүний сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй нар байна. Харин 482 хүнд коронавирус илрээгүй.

Өчигдөр хийсэн шинжилгээнд:

  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан
  • Тусгаарлах байранд буй 9 хүний давтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 75 хүний давтан
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 7 хүний давтан
  • Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79 хүний давтан
  • Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч хамрагдахад тус тус коронавирус илрээгүй" хэмээн мэдээллээ.

Өнөөдөр нэг хүн эдгэрч эмнэлгээс дараагийн сувилалд шилжлээ. 38 настай эрэгтэй хүн эдгэрсэн. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрсэн 296, сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 229 хүн байна. ХӨСҮТ 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн. ХӨСҮТ-д нийт 28 хүн ажиглалт, тандалтад байна.