ХХААХҮЯ: Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн

ХХААХҮЯ: Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2020.09.03/ энэ оны ургацын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Ургац хураалтын урьдчилсан мэдээллээс харахад манай улс дотоодын улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн байна.

Энэ онд улсын хэмжээгээр 394,6 мянган га-д үр тариа, үүнээс

-364,0 мянган га-д улаанбуудай,

-18,6 мянган га-д төмс

-9,6 мянган га-д хүнсний ногоо,

-31,1 мянган га-д тосны,

-52,7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536,6 мянган га-д үр тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар 513,3 мянган тонн үр тариа, үүнээс 481,6 мянган тонн буудай, 237,0 мянган тонн төмс, 11,6 мянган тонн хүнсний ногоо, 32,8 мянган тонн тосны ургамал, 109,4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

Нийт хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үе, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байгаа бөгөөд 7,8 дугаар сард орж байгаа үргэлжилсэн их борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306,0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд дээрх мэдээллээс харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан тооцоо гарчээ.