Амиа хорлосон эмэгтэй, цагдаагийн алба хаагч нарыг живж байхад нөхөр нь эрэг дээр хараад зогсож байжээ

Амиа хорлосон эмэгтэй, цагдаагийн алба хаагч нарыг живж байхад нөхөр нь эрэг дээр хараад зогсож байжээ

Долдугаар сарын 02-ны өдөр амиа хорлох гээд Ховд гол руу орсон эмэгтэйг аврах гэж ороод тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амиа алдсан цагдаагийн алба хаагчийн талаар бид өчигдөр мэдээллэсэн билээ.

Хэрэг явдал уржигдар орон нутгийн цагаар 12 цагийн үед болсон бөгөөд  иргэн “Ж” голын ус руу орж урсаж байх үед талийгаач цагдаа гол руу орж эмэгтэйг барьж аван уснаас гаргах гэж нилээдгүй ноцолджээ. Ингээд голын зах руу нэг удаа дөхөж ирээд гарах гэсэн ч  усны түвшин их, урсгал ширүүн байснаас гарч чадалгүй эрсэдсэн байна.

Тухайн үед амиа алдсан иргэн Ж-гийн нөхөр болон цагдаагийн жолооч нар голын эрэг дээр хараад зогсож байсан аж. Онцгой байдлынханыг дуудахын завдалгүй хэдхэн хоромын дотор эл харамсалтай хэрэг явдал болоод өнгөрсөн тухай мэдээлэл байна. 

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний алтан амийг аврах гэж байгаад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч, И.Эрдэнэшагай нь 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Булган сум дахь хэсгийн цагдаагаас Баян-Өлгий аймагт Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагааг дөнгөж томилогдон ирээд байжээ.

Аймгийн төвд ирээд гэрээ барьж хоёрхон хоноод байсан бөгөөд шөнийн ээлжтэй байсан ч даргаасаа “Би өдрийн ээлжинд гараад шөнө гэрээ нүүлгэж байранд оруулмаар байна. Удахгүй Алтай сумаас ирэх эхнэр хүүхдүүдээ байрандаа хүлээж авна” хэмээн гуйж ээлжээ сольсон нь тэр байжээ. Талийгаачийн эхнэр Алтай суманд амаржаад хорь гаруйхан хонож байсан бөгөөд талийгаач нөхөртэйгээ ийнхүү уулзаж амжаагүй аж.

Харин гол руу орж амиа хорлосон эмэгтэй Ж Казак иргэн байсан бөгөөд түүний амиа хорлох болсон шалтгаан юу байв гэдгийг Баян-Өлгийн аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хэрүүл маргаанаас үүдэлтэй хэмээж буй юм.

Учир нь амиа алдсан иргэн Ж-гийн нөхөр “А” нь тухайн үед  “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа. Би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага өгөөд байсан юм.