Улсын заан Б.Пүрэвсайхан энэ жилийн баяр наадамд барилдахгүй, өнжих шийдвэр гаргажээ

Улсын заан Б.Пүрэвсайхан энэ жилийн баяр наадамд барилдахгүй, өнжих шийдвэр гаргажээ

Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө долоо хоног үлджээ. Гэвч өнгөрөгч зургадугаар сараас хойш допинг илэрсэн таван бөх наадмаар барилдах уу, үгүй юу гэх асуудал маргаан дагуулсан хэвээр байна.

Улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг шүүхээс сэргээсэн байдаг.

Улмаар өнгөрөгч тавдугаар сарын 17-ний өдөр Монголын үндэсний бөхийн холбооныхон хуралдаж шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа хэлж, дээрх таван бөхийг барилдуулах шийдвэрийг гаргасан. Тэргүүлэгчдийн уг шийдвэрийг эсэргүүцэж, “Барилдах эрхийг нь цуцалсан хугацаа дуусаагүй бөхчүүдийн эрхийг сэргээсэн” гэх маргаан дагуулаад буй.

Тухайн үед энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийх үеэр “Монголын Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчтэй. Тус бөхчүүдийг барилдуулах эсэхийг шийдвэрлэхээр санал хураахад найм нь зөвшөөрсөн бол долоо нь эсэргүүцсэн. Улс, аймгийн болон сумын сайн барилдаж буй бөхчүүдээс шинжилгээ авахад долоон бөх үүнд бүдэрсэн. Энэ залуучууд Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Шүүх хуралд МҮБХ-г төлөөлөн зохиолч Ү.Хүрэлбаатар оролцож, бөхчүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулна гэсэн шийдвэр гаргуулжээ. Энэ бол маш буруу шийдвэр” хэмээж байсан юм.

Тэгвэл допингийн асуудалд нэр холбогдсон бөхчүүдийн зарим нь барилдахгүй гэдгээ илэрхийлээд эхэлжээ. Бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад "Улсын заан Б.Пүрэвсайхан энэ удаагийн наадмыг өнжиж, барилдахгүй хэмээх шийдвэрт хүрсэн байна." Ингэснээр үлдсэн бөхчүүд ямар шийдэлд хүрч, хэрхэх хүлээлтийг нийгэмд үүсгэлээ.