50 настай хэдий ч 20-той мэт залуухан харагддаг С.Бургаатай ярилцлаа

50 настай хэдий ч 20-той мэт залуухан харагддаг С.Бургаатай ярилцлаа

“Нас бол зүгээр л тоо” гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ үгний бодитой жишээ болж, “мөнхийн залуу” хэмээн ойр тойрныхондоо яригддаг С.Бургааг бид энэ удаа онцолж байна. Түүний хувьд 50 шүргэж яваа хэдий ч 20 настай залуус мэт биеэ авч явж, өөрийгөө мөнхийн 21-тэй юм шиг боддог хэмээн инээд алдсаар суугаа нь цаанаасаа л залуу хүний эрч хүчийг мэдрүүлж байв.

Өнгөрсөн долоо хоногт түүний зарим зурагнууд цахим сүлжээнд тархаж хүмүүсийн дунд маргаан, эргэлзээг дагуулж эхэлсэн. Тодруулбал, түүний зургийг харсан хүмүүс “юу гэж 50 настай хүн ийм байх вэ, залуу хүн л байна шүү дээ” гэсэн хандлагыг ихээхэн гаргаж байсан бол түүнийг таньж мэддэг зарим нэг хүмүүс 50-тай гэдгийг нь хэлж байв. Ингээд бид түүнтэй уулзаж зарим хүмүүсийн эргэлзээг тайлахыг зорьсон бөгөөд залуухан харагдах нууцаас нь мөн хуваалцсан юм.

-БИ ОРОЙН 18:00 ЦАГААС ХОЙШ МАХАН ЮМ ИДЭЛГҮЙ, ЖИМС,
НОГООГ ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭЖ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ИХ ХИЙДЭГ-

-Сайн байна уу. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн, сайн байна уу. Намайг С.Бургаа гэдэг. Би 1970 онд төрсөн, 50 настай, нохой жилтэй. Хүмүүст миний нас их сонин байх шиг байна. Москвад орос, англи хэлний багшийн мэргэжлийг эзэмшиж 1992 онд төгсөж байсан. Мөн СУИС-ийн дүрслэх урлагийн сургуульд бас 4,5 жил багшилж байсан. Сүүлд оюутан болоод Дүрслэх урлагийн их сургуулийг уран дарханы мэргэжлээр төгссөн  байгаа. Ингээд сүүлийн 20 жил уран дарханыхаа ажлыг хийж байна даа.

-Арван жилийн сургуулиа хэдэн онд төгсөж байсан юм бэ?

-1988 онд Москвад төгсөж байсан.

-Яг хэдэн настай юм бэ. 50 гарчихсан уу?

-Яг 50 настай. Сая зургаан сард 50 хүрлээ дээ.

-Сүүлийн үед таны зураг цахим орчинд тарж, хүмүүсийн сонирхлыг ихээр татах болоод байна?

-Харин тэгээд байна. Мөрөөрөө л амьдарч байтал хүмүүсийн анхаарлыг их татах болж. \инээв\ Мэдээж 100 хувь хүний өөрийнх нь арчилгаа шаардагдах зүйл шүү дээ. Түүнээс биш ямар ч арчилгаа байхгүй, тэр чигээрээ явбал бас хэцүү.

-Таны хувьд яг ямар арчилгааг хийж байж ийм залуухан дүр, төрхөө удаан хугацаанд хадгалж чадаад байна вэ. Энэ талаараа илүү дэлгэрэнгүй яриач?

-Хамгийн эхэнд хүний ген их чухал байдаг юм шиг санагдсан. Дараа нь мэдээж өдөр бүрийн арчилгаа хэрэгтэй. Нүүрний арьс, биеийн жиндээ их анхаарах нь чухал. Яагаад гэвэл хүн жин нэмээд, гэдэстэй болоод л, сахал үсээ ургуулаад эхэлвэл их овортой харагддаг. Нуулгүй хэлэхэд ботокс, филлер гэх мэт зүйлсийг жилдээ нэг хэрэглэдэг. Арьс чангалж, унжихгүй байхад их чухал нөлөө үзүүлдэг. Мөн хоол хүнсний зөв зохистой хэрэглээ их чухал. Миний хувьд оройн 18:00 цагаас хойш махан хоол идэхгүй, жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэхийг хичээдэг. Өглөө бүр дасгал хийж, бассейнд сэлж, их алхдаг.

-ОДООГООС 20 ЖИЛИЙН ӨМНӨ ТОП МОДЕЛЬ Э.ОДГЭРЭЛ НАРТАЙ
НЭГ ТАЙЗАН ДЭЭР АЛХАЖ БАЙЛАА-

-Таны хувьд амьдралын зөв хэмнэлийг өөртөө их хэвшүүлж чадсан юм шиг санагдлаа. Одооны 50 настай хүмүүсийн ихэнх нь таргалалттай болсон байдаг шүү дээ?

-Тийм ээ, эрэгтэй, эмэгтэйгүй л таргалж, их гүзээ суудаг болж. Ингэснээр дагаад овор нэмэгдэнэ. Тэгээд хичээгээд жаахан турчихаар арьс нь унжчихдаг. Тиймээс олон талын арчилгаа хэрэгтэй.

-Таны хувьд бас загвар өмсөж байсан гэсэн. Загвар өмсөхөөр өндөр биетэй юм байна?

-Тиймээ, одоогоос бараг 20 жилийн өмнө топ модель Э.Одгэрэл нартай нэг тайзан дээр алхаж байлаа. Өмнө нь би Хятадын нэг жижигхэн арал дээр ажиллаж, амьдардаг байхдаа загвараар явдаг байсан юм. Тэгээд монголд ирээд хэд хэдэн удаа загварын шоунд оролцож байсан.

-Бүх хүмүүс тань шиг ингэж өөртөө анхаарч, биеэ залуу сайхнаар нь авч явахгүй шүү дээ. Таныг ийм залуухан төрхөө удаан хадгалж явдагийг тань найз нөхөд, гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

-Атаархана шд ээ \инээв\. Гэхдээ яахав зарим найзууд маань атаархаж байхад зарим нь их асууна. Яаж арчилж байна, юун дээр анхаарах вэ гээд л. Би ч юуг нь нуухав, бүх арчилгаа зөвлөгөөнүүдээ л хэлдэг. Хоол хүнсэндээ анхаар, дасгал хөдөлгөөн хий, арьсаа арчил гээд л.

-Мэдэхгүй хүмүүс таныг хараад хөгшин хүн гэж харахгүй. Олон нийтийн газар явж байхад яаж хүлээж авдаг вэ. Залуу гэж андуурах тохиолдол их гардаг байх?

-Тийм ээ, тийм тохиолдол их гардаг. Надаас дүү хүмүүс “миний дүү” гэж дуудна. Залуучууд үе тэнгийнх мэт харьцана. Дүрслэх урлагийн их сургуульд багшилдаг байхад оюутнууд намайг үе тэнгийнх гэж их хардаг байсан л даа. Тоглоом, шоглоом хийнэ. Хэлсэн үгийг маань хүлээж авахгүй наргиан болгоно. Тэгээд тэр ажлаа больсон л доо. Хамт ажилладаг багш нар маань яахав нас насандаа л харагддаг хүмүүс байсан. Зарим нь бүр өндөр настай, мундаг багш нар их байсан. Бас зарим албаны байгууллагуудад ажил хөөцөлдөж яваад хурууны хээгээ дараад, иргэний үнэмлэхээ үзүүлэхэд зарим хүмүүс “хөөх та 50 настай байсан юм уу” гээд их гайхдаг. Хүүтэйгээ хамт дэлгүүр хэсэж яваад “ аав энийг авах уу” гэж асуухад худалдагч нар нь бас их сонирхож хардаг юм.

-ХҮҮ МААНЬ ОЛОН НИЙТИЙН ГАЗАР НАМАЙГ “ААВ АА” ГЭЖ
ДУУДАХАД ХҮМҮҮС ИХ ГАЙХДАГ-

-Таны хувьд багштайгаа хамтарч “Гэгээн муза”-ийн цомыг урлаж байсан гэж сонссон. Сүүлийн үед хийсэн уран бүтээл юу байна?

-Тийм ээ, дөрвөн жил дарааллаж хийж байсан. 2008-2012 оны наадмын цомыг хийж байсан. Одоо дан хувиараа л бүтээлээ хийж байна. Хүмүүсийн захиалсан аяга, ээмэг бөгж, гаанс, хэт хутга гээд л.

-Жаахан хувийн шинжтэй асуулт асуухад таны хувьд гэр бүлтэй юу?

-Нэг хүүтэй. Хүү маань одоо 22 настай. Эхнэрээсээ олон жилийн өмнө салсан.

-Таны найзуудтайгаа авхуулсан зургийг харахад та ах, эгчтэйгээ авхуулсан юм шиг л харагдаж байсан. Ер нь найзууд дунд нь тань шиг өөрийгөө арчилж, толиотой харагддаг хүн байгаа юу?

-Ер нь сүүлийн үед намайг дагаад өөрсддөө их анхаардаг болсон л доо. Хоол хүнсээ тохируулна, фитнесст явна гээд. Би ч их уриалж байгаа.

-БИ ӨӨРИЙГӨӨ МӨНХИЙН 21-ТЭЙ ЮМ ШИГ САНАДАГ.
50 НАСНААС АМЬДРАЛ ДӨНГӨЖ ЭХЭЛДЭГ-

-Таны насны 50 гарсан хүмүүс өөрсдийгөө аль хэдийн хөгширчихлөө гэж бодоод байдаг?

-Тийм ээ, “би хөгширчихлөө, эмээ, өвөө болчихлоо” гэж бодоод улам л хөгшрөөд байдаг. Гэтэл 50 наснаас амьдрал дөнгөж л эхэлж байна шүү дээ. Би бага байхдаа 50 гарсан хүмүүсийг их хөгшин гэж хардаг байсан. Гэтэл өөрөө тулаад ирэхэд “бүх юм эхэлж байна” л гэж бодогддог болсон. Одоо би өөрийгөө мөнхийн 21-тэй юм шиг л бодож, санаж явдаг. Ер нь хүний бодол хамгийн чухал. Өөрийгөө юу гэж бодно, хүн тийм л болдог.

-Та цахим сүлжээнд бас их идэвхтэй байдаг юм билээ. Бичиж байгаа постууд нь ч их хөгжилтэй санагдсан?

-Тийм ээ, болсон явдал, бодож санасан зүйлээ л бичдэг юм. Нэг өдөр найзуудтайгаа ярилцаж сууж байгаад инээлдтэл нэгнийх нь хиймэл шүд үсрээд явчихсан. Би бохь үсэрчихлээ гэж бодтол, шүд байсныг нь хараад их инээлдсэн.

-Гаднаасаа залуу, толиотой харагдаж байгаа ч 50 гарсан хүмүүсийн хувьд бие махбодийн биологийн өөрчлөлт тодорхой хэмжээнд гарч байгаа байх?

Тийм ээ, мэдээж тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд гаралгүй яахав. Даралт жаахан ихсэх тохиолдол гарч, жижиг зүйлсийг мартдаг болсон. Гэхдээ бүр ч тийм мартамхай биш л дээ. \инээв\

-ХҮН НЭГ Л АМЬДРАХ УЧРААС ТЭР ХУГАЦААНДАА АЗ ЖАРГАЛТАЙ
БАЙЖ, САЙХАН АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ-

-Та дээр залуухан харагдахад ген их чухал гэж хэллээ. Эцэг, эх тань бас тань шиг толиотой хүмүүс байдаг уу. Хэдэн насны хүмүүс байдаг вэ?

-Тийм ээ, манай аав ээж хоёр ч мөн насныхан дундаа толиотой хүмүүс байдаг.  70 гарчихсан хүмүүс бий.

-Эмэгтэй хүмүүс л өөрсдийгөө арчилж, залуу насныхаа гоо сайхнаа авч үлдэх гэж хичээдэг. Харин ийм эрэгтэй хүмүүс их ховор шүү дээ. Зарим эрэгтэй хүн “юуг нь арчилдаг юм, эмэгтэй хүн шиг маяглаад” гэх хандлага бас ихээр гаргадаг?

-Тийм ээ, ийм эрэгтэй хүн бараг л байдаггүй. Дуучин Болд л их өөрийгөө сайхан авч яваа мэт санагддаг. Өөр бараг л байхгүй дээ. Эрэгтэй хүмүүс тийм хандлага гаргадаг л даа. Гэхдээ миний хувьд тийм зүйлтэй санал нийлдэггүй.

-Та ямар хүнээс үлгэр дууриалал авдаг вэ?

-Попын хаан Майкл Жексон миний хамгийн их үлгэр дууриалал авдаг хүн. Намайг Москвад байхад ирж байсан, даанч тоглолтыг нь үзэж чадаагүй.

-Таниас үлгэр дууриалал авдаг олон хүн байгаа байх. Тэр хүмүүст хандаж хамгийн чухал зөвлөгөөнүүдийг хэлвэл?

-Залуугаасаа л биеэ арчилж тордох хэрэгтэй. Чи өөрийнхөө биеийг хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй шүү дээ. Хүн нэг л амьдарна. Цаг хугацаа үнэхээр хурдан. Саяхан 20-хан настай байсан бол нэг л мэдэхэд 50 гарчихна. Тиймээс тэр хугацааг ашиглаж сайхан амьдрах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.