Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуай 101 насандаа таалал төгслөө

Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуай 101 насандаа таалал төгслөө

Маршал Х.Чойбалсан гуайн нарийн бичгийн дарга, туслах, Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуай 101 насандаа бурханы оронд очжээ. 

ПУНЦАГИЙН ШАГДАРСҮРЭН Төв аймгийн Баянбараат сумын Ташгай хэмээх газарт 1918 онд төрсөн. 1948-1953 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцан төгсч олон улсын эрх зүйч мэргэжилтэй болсон бөгөөд хожим Марксизм-Ленинизмийн их сургуулийг дүүргэжээ. П.Шагдарсүрэн 1953 оноос ГЯЯ-ны Европын хэлтсийн орлогч эрхлэгч, Ёслолын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1955-1958 онд БНАСАУ, БНЭУ-д элчин сайд, 1958-1963 онд ГЯЯ-ны орлогч сайд, сайдын албан тушаалыг хашсан юм. 1963-1971 онд Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1971-1986 онд БНУАУ, БНАГУ, ХБНСЮУ, БНААфгУ, БНХАУ-д элчин сайдаар тус, тус ажилласан.

Тэрбээр 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарч байжээ. П.Шагдарсүрэн Халх голын тулалдаанд биеэр оролцсон ахмад дайчин билээ. Улс эх орны өмнө түүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж “Байлдааны Улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, Ардын хувьсгалын болон Халх голын ялалтын ойн медалиудиар шагнажээ. Түүнчлэн зарим гадаад улсын одон, медалиудаар шагнагдсан болно. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой. 2000 онд “Миний мэдэх маршал Чойбалсан” номыг бичиж хэвлүүлсэн.