Фэйсбүүк, Инстаграмын үйл ажиллагаа доголдов

Фэйсбүүк, Инстаграмын үйл ажиллагаа доголдов

Өчигдөр /2019.07.03/ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Фэйсбүүк цахим сүлжээний хэвийн үйл ажиллагаанд доголдол гарлаа. Дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа  хэрэглэгчдэд зураган файлууд харагдахгүй болсон адил үйл явдал тохиолдсон байна. Мөн “Whats App”мессенжер яг энэ цаг үед давхцан ямар ч цахим зурвас илгээх боломжгүй болжээ.

”Down Detector” хэмээх цахим сүлжээний алдаа, доголдлуудыг бүртгэж, мэдээлдэг сайтаас харахад, Европ, Өмнөд Америкийн улсууд өчигдрийн доголдолд хамгийн ихээр өртсөн нь ажиглагдана. Азийн орнуудаас Япон улсын хэрэглэгчдийн дунд эл үйл явдал өргөн хүрээг хамарчээ.

Инстаграмын үйл ажиллагаа ч бас зарим бүс нутагт суугаа хүмүүст доголдсон гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ямар нэг цахим зурвас, зураган файл илгээх болоход алдаа зааж байжээ.

Фэйсбүүкийн “Platform Status” хуудас энэ үед “систем хэвийн ажиллаж байна” гэсэн горимыг зааж байсан нь хамгийн сонирхол татсан. Тэд өөрсдийн Твиттер хуудаснаа, “Та бүхний зарим нь зураг, бичлэг үзэх боломжгүй байдалтай тулгарч байж магадгүй. Бид аль болох хурдан энэ асуудлыг хэвийн болгох болно. Хүлцэл өчье” хэмээн жиргэсэн юм. Зөвхөн Фэйсбүүк ч биш, бусад цахим сүлжээнүүдэд адил доголдол учирсан тул одоогийн байдлаар ямар нэг албан ёсны мэдэгдэл гараагүй байна. Харин олон янзын таамгууд цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд газар авч эхэлжээ.