ШӨХТГ: Талхны үнийг нэмсэн жижиглэнгийн дэлгүүрүүдэд хатуу арга хэмжээ авна

ШӨХТГ: Талхны үнийг нэмсэн жижиглэнгийн дэлгүүрүүдэд хатуу арга хэмжээ авна

Сүүлийн үед талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаар иргэд гомдол гаргах болсон. Үүний дагаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас есдүгээр сарын 03-наас эхлэн зургаан дүүрэг дэх 30 худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Улмаар есдүгээр сарын 05-ны өдрийн жижиглэнгийн үнийн судалгаагаар зарим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь тогтоогджээ.  

Тухайлбал "Алтан Тариа" ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр" компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Иймээс ШӨХТГ өнөөдөр/2020.09.07/ талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийлээ. Уулзалтаар талх, гурилын үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана хэмээн мэдэгдлээ.

Уулзалтын эхэнд шалгалтын дүнг танилцуулсан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Шинэ ургац гараагүй. Цахилгааны үнэ нэмэгдээгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдсэн. Дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй. Шинэ батлагдсан цар тахлын үеийн хуулийн дагуу гамшгийн үед үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг аж ахуй нэгжүүдэд даалгасан. Ам.долларын ханш 0,2 хувиар өссөн, рублийн үнэ өсөөгүй, түрээсийн үнийг өсгөхгүй байх тогтоол гарснаас харвал бүтээгдэхүүний үнэ түрээс болон валютаас болж нэмэгдэх шалтгаан байхгүй. Мөн жижиглэнгийн дэлгүүрүүд өөрсдөө үнэ нэмсэн асуудал гарсан бөгөөд тэдгээр байгууллагуудад хатуу арга хэмжээ авна" гэлээ.