Амралтын газраас сураггүй алга болсон 41 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Амралтын газраас сураггүй алга болсон 41 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.09.07) иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

ЗОГСООЛД БАЙСАН АВТОМАШИН ШАТЖЭЭ

  • Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцны тагтан дээр гал гарсан байна. Галын дуудлага өчигдөр орой 19:32 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал, тус дүүргийн харьяа 20 дугаар байрны IV орцны гуравдугаар давхарт оршин суух хаягтай, иргэн Б-гийн тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг алба хаагчид шуурхай унтраажээ.
  • Орон сууцны гадна автомашин шатжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Цагаанхуаран” хотхоны 86/А дугаар байрны хажууд иргэн Э-гийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй унтраасан байна. Галын дуудлага өчигдөр орой 20:54 цагийн орчинд бүртгэгджээ.

БЯСАЛГАЛЫН ТӨВӨӨС АЛГА БОЛСОН ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

  • “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос алга болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О нь өнгөрсөн долдугаар сарын 31-нд орой 22:35 цагт сураггүй болсон. Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
  • Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Монос” амралтын газарт амарч байсан, 41 настай эрэгтэй усанд осолдож, амь насаа алджээ. Тэрбээр энэ сарын 4-нд сураггүй алга болсон бөгөөд эрлийн баг “Сөгнөгөр” голын уснаас өчигдөр өглөө 10:30 цагийн орчимд цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.