Цахим гэмт хэрэгт холбогдсон 800 гаруй хятад иргэний шүүх хурал дахин хойшлогдлоо

Цахим гэмт хэрэгт холбогдсон 800 гаруй хятад иргэний шүүх хурал дахин хойшлогдлоо

Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтарсан ажиллагаа явуулж 800 орчим хятад иргэнийг саатуулсан. Тодруулбал,  Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудлаас 200, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудлаас 80, мөн  “Ориентал”,  “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион” зочид буудлаас 300 орчим Хятад иргэдийг саатуулан баривчилж нутаг буцаасан юм. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зохион байгуулсан гэх Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болсон ч, хойшлогдлоо.

Тодруулбал, яллагдагч Еэ Тиний өмгөөлөгч Б.Оюун-Эрдэний “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон, мөн яллагдагч Лью Тинг Хуагийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөр шүүх хуралдаан давхацсан, яллагдагч Лю Жун Вэйгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус ирээгүй зэрэг нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.3-т зааснаар “яллагдагч нар монгол хэл, бичиг мэдэхгүй бол шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулна”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарын нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад яллагдагч нарыг өмгөөлөгчтэй оролцуулна” гэж заасны дагуу яллагдагч Еэ Тин, Лю Жун Вэй нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.