Лукашенко: Хэрэв би бууж өгвөл сөрөг хүчнийхэн гадаадынхантай нийлж Беларусийг сөнөөнө

Лукашенко: Хэрэв би бууж өгвөл сөрөг хүчнийхэн гадаадынхантай нийлж Беларусийг сөнөөнө

Өчигдөр/2020.09.08/ Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулиас хойш анх удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Түүнтэй Оросын сэтгүүлчид Минск хотноо уулзаж ярилцсан юм. Лукашенко энэ үеэр тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, ерөнхийлөгчийн суудлаас буух бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр “Би ард түмэнтэйгээ хамт бүтээсэн бүгдээ устгуулахыг хүсэхгүй байна. Ерөнхийлөгчийн суудалд би арай удаан сууж байж болох юм. Гэхдээ би гудамжинд жагсаж, эсэргүүцэж байгаа хүмүүст бууж өгөхгүй.Хэрэв сайн дураар ерөнхийлөгчийн суудлаасаа буувал сөрөг хүчнийхэн гадаадынхантай нийлж Беларусийг сөнөөх ба энэ нь Орос улсад ч халдварлана. Энэ бүх үймээн самуун глобалчлагдаад байна. Аугаа Орос улс үүнийг зохицуулж чадна гэж бодож байвал энэ буруу. Би өөрийн том ах Владимир Путинд анхааруулж байгаа. Эсэргүүцэл нэгэнт газар авбал зогсоож чадахгүй” гэжээ.

Беларусь дахь нөхцөл байдал хяналтаас гарвал цагдаагийн тусгай хүчийг илгээхээр бэлдээд байгаагаа Путин өмнө нь мэдэгдсэн. Лукашенко ойрын өдрүүдэд Москвад зочилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах гэж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian