Д.Баттөр: 2015 оноос хойш нислэгийн үнэ, тарифыг огт нэмээгүй

Д.Баттөр: 2015 оноос хойш нислэгийн үнэ, тарифыг огт нэмээгүй

Өнөөдөр /2020.09.09/ ШӨХТГ-аас МИАТ компанийн удирдлагуудтай уулзаж, тусгай үүргийн нислэгийн үнийн тарифын асуудлаар ярилцлаа.

Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн тухай хуулийн дагуу манай компани өнөөдрийн байдлаар давамгайлсан аж ахуйн нэгж мөн. Гэхдээ давамгай байдалтай аж ахуйн нэгж гэдгээрээ 2015 оноос хойш нислэгийн үнэ тарифыг огт нэмэгдүүлээгүй. Тусгай үүргийн онгоцны нислэг мөн адил 2015 онд батлагдсан тарифаар нислэг үйлдэж байгаа.

Энэ онд гарсан шинэ чиглэлүүдийн тарифыг шинээр тогтоосон. Улсаас татаас өгөх тохиолдолд тарифын үнийг буулгаад явж болно. Гэхдээ өнөөдрийн байгаа тариф тухайн нислэгээ авч явж, дөнгөж амиа дааж байгаа тариф. Сөүл, Москва, Нурсултан чиглэлийн нислэгийн үнийг наймдугаар сараас хойш буулгасан " гэлээ.

Харин Сиатл-Улаанбаатарын нислэгийн үнийн талаар тэрбээр "Энэ бол маш онцлогтой нислэг. Бусад тусгай үүргийн нислэгүүдтэй адилхан биш. Арилжааны нислэг биш гэж үзэж байгаа. Анх үнийн тарифыг 1500 ам.доллароор тогтоосон. Сүүлд 1350 ам.доллар болгосон. Яагаад Америкийн нислэг ийм үнэтэй байна гэвэл түлш, газрын үйлчилгээ, бүртгэлийн ажиллагаа зэрэг бүх үйлчилгээг нь шинээр авч байгаа учир бид нар жижиглэнгийн үнээр төлбөр тооцоогоо хийдэг" гэв.

Тусгай үүргийн нислэг үйлдэхээс өмнө УОК бусад компаниудаас үнийн санал авдаг. Үнийн саналаас гадна онцгой нөхцөлд хийгдэж буй нислэг учир маш олон шаардлага хангасан байх ёстой аж.