Босоо бичгээ авч үлдэх Өвөр монголчуудын тэмцэлд одоогоор 48 мянга гаруй хүн санал өгөөд байна

Босоо бичгээ авч үлдэх Өвөр монголчуудын тэмцэлд одоогоор 48 мянга гаруй хүн санал өгөөд байна

БНХАУ-ын Засгийн газраас Өвөр Монголын зарим хотуудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэр гаргасны улмаас багагүй тэмцэл өрнөөд байгаа. Тэгвэл АНУ-ын Конгрессоос “We the people” системд энэ талаар санал үүсгэсэн юм. Тодруулбал, 30 өдрийн дотор 100 мянган хүн санал өгвөл Өвөр монголчуудын монгол хэл бичгийн асуудлыг “соёлын хоморголон устгал” гэж авч үзэхээр болсон. Харин зарим иргэн “АНУ-аас Хятадын асуудалд хошуу дүрнэ гэж үү” гэж үүнийг үгүйсгэж буй. Тэгвэл санал, хүсэлт энэ сарын 7-ны өдөр эхэлсэн бөгөөд одоогоор 48,444 иргэн саналаа өгчээ.

-“WE THE PEOPLE” САНАЛ ХҮСЭЛТИЙН ГЭЖ ЮУ ВЭ?-

Цагаан ордны албан ёсны цахим хуудаст байх “We the people” санал гомдлын системийг 2011 онд анх байршуулсан бөгөөд төрийн холбогдох албадын зүгээс иргэдийн санал гомдлыг авч хэлэлцэн хариу өгч шийдвэрлэх зорилготой. Гэхдээ системд тавигдсан гомдол саналыг тодорхой тооны хүмүүс дэмжсэн тохиолдолд л холбогдох байгууллагад нь шилжүүлдэг. Тухайн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэх байгууллагад шилжүүлэх саналын босго нь эхэн үедээ 5 мянга байсан бол одоо 30 хоногт 100 мянга болсон юм. Хэрэв энэ хэмжээний санал авч чадахгүй бол асуудал төрийн хэмжээнд хүрч хэлэлцүүлэгдэхгүй гэсэн үг юм. Гэхдээ гэмт хэргийн гэх мэт хүссэн асуудлаараа гомдол санал тавьж бас болдоггүй. Мөн АНУ-ын нутаг дэвсгэрийн гадна явагдаж байгаа асуудлаар ч гомдол санал гарган АНУ-ыг байр сууриа илэрхийлэхэд хүргэх боломжтой. Үүнийг АНУ дэлхийн дэг журмыг тогтоогч их гүрний шинж ч гэж хэлдэг. Хэдийгээр 100 мянган санал авсан ч АНУ шууд Хятадын асуудалд гар оролцохгүй ч энэ асуудлыг дэлхий нийтэд сонсгож чадаж байгаа хэлбэр юм.

-САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ-

Саналаа өгөхийн тулд та Цагаан ордны цахим хуудас руу орж, "Stop the CCP's cultural genocide in Inner Mongolia" хэсэгт дарж, өөрийн овог нэр, и-мейлээ бүртгүүлнэ. Үүний дараа таны и-мейлд ирсэн холбоос буюу хариу линк дээр дарснаар таны санал баталгаажих юм. Мөн өөрийн интернет хөтөч дээр "Stop the CCP's cultural genocide in Inner Mongolia" гэж бичин хайхад, санал өгөх холбоос гарч ирнэ.