Ж.Батсайхан: Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн 120 хоногт халаа, сэлгээнээс өөр ажил хийгээгүй учраас ОГЦРУУЛНА

Ж.Батсайхан: Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн 120 хоногт халаа, сэлгээнээс өөр ажил хийгээгүй учраас ОГЦРУУЛНА

СОНСОХ:

ТУУЛ ГОЛЫН БУРГАСЫГ СҮЙТГЭСЭН АСУУДАЛ НЬ ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ МӨН

Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар хотын дарга С.Амарсайханыг огцруулах саналыг НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Ж.Батсайхан гаргасан нь олны анхаарлыг татсан. Дэгийн дагуу түүний саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг хураалгах ёстой байсан. Гэтэл НИТХ-ын дарга Р.Дагва санал хураахаас татгалзсан.Тиймээс НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлаар төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж байгаа юм.

Хуулинд зааснаар 15 төлөөлөгч гарын үсэг зурснаар огцруулах асуудлыг өргөн барих эрх нь нээгдэх юм. www.isee.mn сайт НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхантай дээрх асуудлаар ярилцлаа.

-Та НИТХ-ын хуралдаанаар хотын дарга С.Амарсайханыг огцруулах саналыг гаргасан. Яг ямар тодорхой үндэслэлээр огцруулах саналыг гаргасан юм бэ?

-Огцруулах үндэслэл нь маш тодорхой гэж бодож байна. НИТХ-ын хуралдааны үеэр миний хэлсэн үгийг та санаж байна уу. Нэгдүгээрт, Туул голыг бургасыг сүйтгэсэн асуудал нь хотын даргыг огцруулах хангалттай үндэслэл гэж би үзэж байна. Яах аргагүй ашиг сонирхлын зөрчил. Төрсөн ахынх нь компани Туул голын бургасыг сүйтгэж Улаанбаатар хотыг ундны усны аюулд оруулсан үйлдлээрээ манай засаг дарга огцрох ёстой юм.  Хоёрдугаарт, хотын дарга С.Амарсайхан яг хувийн компанидаа ажиллаж буй мэтээр төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь халж, сольж байна. Энэ үйлдэл нь мөн л огцруулах том үндэслэл. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг хальж, сольсноор нийслэлийн баг бүрэлдэхүүний чадавх, чадамж асар ихээр суларч байна. Төрийн албан хаагчдыг ажлаас халж буй шалтгаан нь маш ноцтой. Тодруулбал, Засаг даргад дэмжиж санал өгсөн хүмүүст төрийн албан тушаалыг шагнал, бэлэглэлийн журмаар өгч байна. Гуравдугаарт, өнгөрсөн 120 хоногийн хугацаанд С.Амарсайхан ямар ажил хийсэн бэ. Улс төрийн соёлтой орнуудад Засгийн газрын 100 хоног, Засаг даргын 100 хоногийг дүгнэдэг. 100 хоногийн хугацаанд тухайн Засгийн газар, Засаг даргын хийж, хэрэгжүүлэх ажлын үндэс суурь нь ил болсон байх ёстой юм. Гэтэл энэ хүн өнгөрсөн 100 хоногийн хугацаанд халаа, сэлгээнээс өөр ажил хийсэнгүй ээ.

-Өөрийг нь засаг даргад дэмжиж санал өгсөн хүмүүст албан тушаал бэлэглэсэн гэдэг нь  ноцтой асуудал?

-Хотын засаг даргын орлогч нар С.Амарсайханыг хотын дарга болоход нь дэмжиж санал өгсөн. Энэ бүх үйл явдал та бүхний нүдэн дээр болсон шүү дээ. Засаг даргын дөрвөн орлогчийг зургаа болгосон нь үнэн. Өөрийгөө дэмжиж санал өгсөн хүмүүсийг Засаг даргын орлогчоор томилсон тань бас үнэн гэж би НИТХ-ын хуралдаанаар хэлсэн. Энэ үгийг энд бас давтаад хэлчихье. Энэ бол хангалттай тод жишээ.

ӨӨРИЙГ НЬ ЗАСАГ ДАРГАД ДЭМЖСЭН ХҮМҮҮСТ АЛБАН ТУШААЛ БЭЛЭГЛЭСЭН

-Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилтнуудыг халж, сольж буйгаас болж нийслэлийн ажил удаашрах, иргэд хохирч байна гэх гомдол, мэдээлэл байна. Энэ талаар илүү бодитой мэдээлэл өгнө үү?

-Тэр бодитой гомдол. Хоёр агентлагийг шинээр нэмж байгуулсан. 12 агентлагийн нэрийг сольсон. Үүнтэй холбоотойгоор тухайн агентлагийн тамга тэмдэг, албан хуудаснаас эхлээд гээд бүх зүйл нь солигдож байна. Онц шаардлагагүй өөрчлөлтөөс болж иргэдийг бухимдуулж байгаа мэдээлэл бодитой. Ганц жишээ хэлэхэд, нийслэлийн газрын албыг нийслэлийн газар зохион байгуулалтын алба болгон нэрийг нь өөрчилсөн. Шалтгааныг нь ойлгохгүй байна. Зохион байгуулалт гэх хоёр үгийг нэмэхийн ач холбогдлыг ойлгохгүй байна. Ажил нь сайжирч, агуулга нь өргөжнө гэдэгтэй санал нийлэхгүй байна. Энэ мэт жижиг өөрчлөлтийг хийснээс болж НЗДТГ-ын ажил удааширч түүнээс үүдэлтэйгээр иргэд бухимдаж байгаа. Бидэнд нэг л жилийн хугацаа үлдсэн. “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад нэг л жил үлдээд байна. МАН-ын гишүүний хувьд үүнд л маш ихээр сэтгэл зовниж байна.

-Хотын даргыг огцруулах таны саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураалгаагүй. Одоо Хотын даргыг огцруулах асуудал яаж үргэлжлэх юм?

-Хуулиараа 15 төлөөлөгч огцруулах бичигт гарын үсэг зурсны дараа өргөн барьдаг. Өргөн барьснаас хойш 15 хоногийн дотор НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Та өөрийнхөө бланкан дээр НИТХ-ын төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж байна уу?

-Гарын үсгийг цуглуулаад эхэлсэн гэж хэлж болно.

-НИТХ-ын төлөөлөгчид хэр идэвхтэй зурж байна?

-Энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна.

-Танай нам нийслэлд хийж, хэрэгжүүлэхээр амласан мөрийн хөтөлбөрийнхөө ядаж 50 хувийг нь биелүүлж ажиллаж чадсан уу?

-Яг хэдэн хувийг биелүүлж чадсан гэж би хэлэх нь зохимжгүй. Хамгийн чухал нь богино хугацаа үлдсэн учраас би эмзэглээд байгаа юм. Ний, нуугүй хэлэхэд арван нэгдүгээр сараас хойш нийслэлийн ажил зогсонги байдалд байлаа. Ерөнхий сайд хотын өмнөх засаг дарга С.Батболдыг огцруулах бичгийг ирүүлснээс хойш үндсэндээ зургаан сарын хугацаанд нийслэлийн ажил зогсонги байдалд орсон гэж дүгнэж болно. Шинэ засаг дарга томилогдсоноос хойш 120 хоног өнгөрсөн ч мөн л ажил хийсэнгүй. Тиймээс Засаг даргыг өөрчилье гэдэг саналыг би гаргасан. Засаг даргын ажлыг хийчих олон залуу МАН-д байна.

С.АМАРСАЙХАНТАЙ ӨС ХОНЗОН БАЙХГҮЙ

-Олон нийтийн зарим нь таныг улс төржиж байна гэж харж байна. Тодруулбал 60 тэрбумынханы зохион байгуулалттай ажил. Үлдсэн нэг жилийн хугацаанд С.Амарсайханаар амар тайван ажлыг нь хийлгэ гэж шүүмжлэх хүмүүс байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Та чухал асуудал хөндлөө. Өөрийг нь шүүмжилж, үнэн бодит зүйл ярингуут 60 тэрбум гэдэг сэдэв рүү наах гэж оролддог жишиг манай улс төрд тогтлоо. Явуургүй улс төр газар авчихлаа. Таны хэлсэн мэдээллийг би ч олж харсан. 60 тэрбумын асуудалтай холбосон байна. Би улс төр хийгээгүй. 2020 онд бид сонгогчидтойгоо яаж уулзах юм. Ийм л учраас зориг гарган Хотын даргыг огцруулна гэдэг том асуудлыг хөндсөн. Ганцхан жилийн хугацаа үлдсэн байхад огцруулалгүйгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй гэж ярих хүмүүс байна. Үүнийг би дээр хангалттай тайлбарласан. 120 хоногийн хугацаанд энэ хүний хийх ажлын суурь нь  гарч ирэх ёстой. Гэтэл ажлын төлөвлөгөө ч алга. Өөрөөр хэлбэл, нүдэнд харагдаж, гарт баригдах ажлыг хийж хэрэгжүүлээгүй буюу цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө харагдахгүй байна. Хийж бүтээх хүсэлтэй, тодорхой ажлын төлөвлөгөөтэй хүнд нэг жил нь маш урт хугацаа.

-Та хотын дарга С.Амарсайхантай хувийн эсвэл ажил хэргийн өс хонзонтой юм биш биз дээ?

-Би С.Амарсайхан гэдэг хүнтэй хувийн өс хонзон байхгүй.  Үнэхээр тийм зүйлгүй. Ажил хийх хүсэлтэй хэнийг ч би дэмжээд ажиллахад бэлэн.

-Өнгөрсөн хугацаанд хотын дарга С.Амарсайханыг та дэмжээд явъя гэж бодож байсан уу. Нөгөөтэйгүүр С.Амарсайхан дарга та бүхэнтэй ойлголцож ажиллах хүсэлт хүргүүлж байв уу?

-Бидэнд ажлын төлөвлөгөө танилцуулаагүй.  С.Мөнхчулуун төлөөлөгчтэй өрсөлдөөд ялалт байгуулж Засаг дарга болсныхоо дараа бидэнтэй уулзаж байсан. Тухайн үед зөв зүйтэй  ажил хийвэл дэмжинэ гэдгээ би илэрхийлсэн. Харамсалтай нь ийм нөхцөл байдал бий болоогүй. Үнэхээр ажил хийхээр зүтгэж буй хүнийг бий дэмжинэ. НИТХ-ын хуралдаанаар “ Засаг дарга зөв асуудлыг ярьж байна. Маш хэрэгтэй ажлыг хийгээд байна. Дэмжээд өгөөч” гэж орилоод сууж байх байсан. Харамсалтай нь хотын дарга ийм нөхцөлийг бий болгож чадсангүй.