Зам тээврийн ослын улмаас гурван настай охин амиа алдсан хэрэг гарчээ

Зам тээврийн ослын улмаас гурван настай охин амиа алдсан хэрэг гарчээ

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. 

Тухайлбал, саяхан Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ онхолдсон тухай дуудлагыг өчигдөр /2020.09.09/ 09:19 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 09:54 цагт очиход 3 настай эмэгтэй А ослын улмаас нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн бол, иргэн Ж /28 настай, эмэгтэй/, Х/24 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.