С.Пүрэвбадам: Найзууд маань бидний бодлыг уншсан юм шиг л тохижуулчихсан байсан

С.Пүрэвбадам: Найзууд маань бидний бодлыг уншсан юм шиг л тохижуулчихсан байсан

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. Шинэ байрандаа нүүж ороод удаагүй залуу гэр бүл тул хараахан тохижиж амжаагүй ч удаан хүлээсэн байрандаа орсон тул баяр хөөрөөр дүүрэн. Удалгүй хөдөө яваад гэртээ иртэл баяр дээр нь баяр нэмсэн гэнэтийн бэлэг угтав. Учир нь оюутан цагаасаа найзласан нөхөд нь шинэ байранд нь өөрсдийн гараар иж бүрэн тавилга урлаж өгчээ. Будаг нь ханхалсан цоо шинэ байр, найзуудынх нь сэтгэлээ шингээн хийсэн иж бүрэн тавилгаар тохижиж, залуу хосын гэр бүлд улам өнгө нэмжээ. Энэ айл бол Т.Эрдэнэбаатарынх. Бид тэдний баярыг хуваалцахаар гэрт нь зочилсон юм. Биднийг очиход гэрийн эзэгтэй С.Пүрэвбадам “Манай хүн өнөөдөр ээлжинд гарч байгаа, маргааш өглөө ажлаасаа бууна” гэсээр хоёр хүүтэйгээ инээсээр угтав.

-АНХ НЭГ ТОР ХУВЦАСТАЙ "ТУСДАА" ГАРЧ БАЙЛАА-

-Цахим орчинд танай гэр бүл болон найзуудын тань талаар мэдээ цацагдаж, хүмүүс багагүй мэддэг боллоо. Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу.

-Сайн байна уу. Намайг С.Пүрэвбадам гэдэг. Нөхрийг маань Т.Эрдэнэбаатар гэдэг. Нөхөр маань Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Зам тээвэр, осол хэрэг хариуцсан тасагт шинжээчээр 13 дахь жилдээ ажиллаж байна. 2002 онд Булган аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшсан. Одоо хоёр хүүгийн хамт амьдарч байна.

-Саяхан шинэ байрандаа нүүж орсон гэж дуулсан?

-Тийм ээ. Анх бид хоёр нэг тор хувцастайгаа эмээгийнхээ өгсөн гэрт тусдаа гарч байсан юм. Бид хоёр монгол гэрт таван жил, хашаа, байшинд долоон жил амьдарсан. Ингээд байранд орохоор хэдэн жил хөдөлмөрлөж зүтгэсний эцэст есдүгээр сарын 5-нд шинэ байрандаа орсон. Гэтэл баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болсон.

-Найзууддаа хөдөө явснаа хэлсэн юм уу. Түлхүүрийг тань яаж авсан юм бэ?

-Байрандаа орсон өдрөө манай нутаг руу хэд хоног амрахаар явсан юм. Нөхөр маань найзууддаа хэд хоног хөдөө явахаар болсноо хэлсэн. Гэтэл тавилгын үйлдвэрт ажилладаг Мөнгөн-Эрдэнэ найз маань “Та хэд хөдөө явах гэж байгаа гэсэн үү. Найздаа түлхүүрээ орхиод явчих. Шинэ байраар нь орж үзье” гэж ярьсан. Би тэрүүхэндээ гайхаж байгаад л түлхүүрээ үлдээсэн. Тэгээд хөдөө явж амарчхаад гэртээ ирээд, гэрлээ асаатал манайх бүрэн тавилгатай, гэрэлтэй болчихсон байсан. Эхэндээ гайхаад л “юу вэ айл андуурчих уу” гээд буцаж гарсан. Манай хүн, хоёр хүү маань ч гайхаж, алмайрчихсан. Бид дөрөв хэсэгтээ итгэж чадаагүй, үүдэндээ хэсэг зуур гацчихсан. Тэгээд л найзууд руу гаа залгаад асуутал “Тавилга таалагдсан уу. Шинэ байранд орсны бэлэг” гэж хэлсэн. Маш их баярлаж, юу гэж хэлэхээ мэдэхгүй нүдэнд нулимс цийлгэнэж байлаа.

-ГЭРЭЭ ХАРАХ БҮРТ НАЙЗУУДЫН МААНЬ ХАЙР, СЭТГЭЛ МЭДРЭГДЭЖ БАЙНА-

-Тавилгуудыг хэдэн хоногийн дотор хийсэн юм бол?

-Найзууд маань дөрвөн өдрийн турш хийсэн гэсэн. Бүх зүйлийг нь шинээр угсарч, хадаж, хийсэн болохоор хугацаа орсон байх. Бас хоёр найзын маань тавилгын үйлдвэрийн ажилтнууд ч тусалсан.

-Найзуудынхаа тухай яриач. Та хэд хэдэн жил нөхөрлөсөн бэ?

-Нөхөр маань найзуудтайгаа 17 жил найзалж байна. Санаа нэгдэж, үргэлж бие биедээ тусалдаг 13 хүн бий дээ. Хүнд хэцүү үед нэг гэр бүл шиг л байж чаддагт нь би үнэхээр их баярлаж, бахархдаг. Манай хоёр найз “Мебель арт” тавилгын компанийн захирлаар ажилладаг юм. Тавилгын зардлыг нь бүх найз маань хувааж гаргасан гэсэн. Бид хоёр “Байрандаа ороод авчихсан болохоор, аажуу уужуу нэг нэгээр тавилгануудаа авч, гэрээ тохижуулана даа” гэж ярилцаж байсан. Гэтэл өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргалгүй ийм сайхан тохижчихлоо. Гэрийг маань бидний бодол уншсан юм шиг л сайхан тохижуулчихсан байсан. Бүр бүх зүйл нь маш их таалагдаж байгаа. Найзууддаа үнэхээр их баярлаж байгаагаа дахин, дахин хэлмээр байна. Ийм сайхан найзууддтай бид үнэхээр азтай хүмүүс. Гэрээ харах бүрт л найзуудын маань хайр, сэтгэл мэдрэгддэж байна.