Монголд хийх айлчлалыг зохион байгуулсан хүмүүсийг 14 хоног тусгаарлана

Монголд хийх айлчлалыг зохион байгуулсан хүмүүсийг 14 хоног тусгаарлана

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдөр /2020.09.15/ манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. 

Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм байна. 

Мөн хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, коронавирусийн цар тахлын үед аюулаас сэргийлэх ажиллагааг өргөтгөх, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ярилцаж тохирно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй байгаа. Энэ үед БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчилж буй учир коронавирусын цар тахлаас хамгаалах дэглэмийг мөрдөх аж. 

Тухайлбал, айлчлалын үеэр дагалдах албаны хүмүүс болон хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг аль болох цөөн тоогоор оролцуулахаар бэлтгэж байгаа аж. Мөн айлчлалын зохион байгуулалтыг хийсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах юм байна.

Айлчлалын үеэр барих эрүүл, мэндийн дэглэмийн талаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өгөхдөө "Айлчлал эхлэхийн өмнөх 24-72 цагийн өмнө Монголын талын бүх төлөөлөгчдөд халдвар илрүүлэх шинжилгээ хийнэ. Мөн БНХАУ-ын талаас ирэх бүх төлөөлөгчдөд мөн шинжилгээ хийнэ. Айлчлын үеэр уулзалтын танхим, хоол идэх зааланд хүмүүс 1.5-2 метрийн зай барина. Айлчлалын багийн бүрэлдэхүүний байрлах байрыг ирэхээс өмнө болон ирсний дараа халдваргүйжүүлэх аж. Цаашлаад ачаа тээшийг хүртэл халдваргүйжүүлнэ" гэж хэллээ. 

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын  /ШХАБ/ уулзалтад оролцоно гэсэн мэдээлэл байсан. Харин уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас үгүйсгэлээ.