Б.Болдбаатар: Холливудын кинонд тоглох нь холын мөрөөдөл байсан ч бид чадсан

Б.Болдбаатар: Холливудын кинонд тоглох нь холын мөрөөдөл байсан ч бид чадсан

"Уолт Дисней студийн “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кинонд Монгол залуус орлон тоглогчоор нь ажилласан" хэмээх мэдээ бидний бахархлыг төрүүлсэн цаг саяхан. Тэгвэл тэдгээр залуус тив алгасан, тэнгис гаталж алс холын Австрали улсад алдарт "Марвел" студийн шинэ уран бүтээлд ажиллаж байна. Холливудын кинонуудын тулаант хэсгийг монгол залуус хүч хөдөлмөр, ур чадвараараа амилуулж, дэлхийн кино урлагт мөрөө үлдээж буй нь гайхалтай. Бид тэрхүү гайхамшгийг бүтээж буй “Mongol Stunt” Монголын киноны орлон тоглогчдын холбооны үүсгэн байгуулагч Базарын Болдбаатартай ярилцлаа.

“Mongol Stunt” холбооны залуус “Мулан” төсөлд Монголын кино урлагт хүчин зүтгэж буй найруулагч, киноны зураач, оператор залуусыг авч ажиллан, өөрт олдсон боломжийг бусад залуу уран бүтээлчидтэйгээ хуваалцаж буй нь онцлох зүйл байлаа.

-ДЭЛХИЙН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ АЖИЛЛАХАД МОНГОЛ ЗАЛУУСТ
ДУТАХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ-

-Сайн байна уу. Монголын киноны орлон тоглогчдын холбооны түүх хэрхэн эхэлж байв. Анх “Тэнгэрийн чоно” хэмээх нэртэйгээр байсан юм байна лээ.

-Одоогоос 15 жилийн өмнө би төрийн тусгай албанд алба хаадаг байсан юм. Тэр үед Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж Япон, Монголын хамтарсан “Бөртэ чоно тэнгэр, газрын хязгаар хүртэл” хэмээх бүрэн хэмжээний киноны зураг авалтыг Монголд хийж байлаа. Тэр төсөлд мэргэжлийн орлон тоглогч буюу “Stunt man” Монголоос шалгаруулж авахад миний бие өөрийгөө сорьж, шалгаруултад нь тэнцсэнээр тус уран бүтээлд ажиллах боломж олдсон юм. Японы төсөл дууссаны дараа ОХУ болон Тува улсын хамтарсан “Чингис хаан” хэмээх томоохон хэмжээний уран бүтээлийн зураг авалт эхэлсэн. Уг кинонд Монголын 25 орлон тоглогчоос бүрдсэн баг ажилласан юм. Дэлхийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахад Монгол залууст дутах зүйл байгаагүй. Тиймээс энэхүү салбарыг хөгжүүлэх, Монгол залуусыг дэлхийд гаргах том зорилго "өвөртөлсөн" арван залуу нэгдэж, анх Монголын киноны орлон тоглогчдын “Тэнгэрийн чоно” хэмээх холбоог байгуулсан юм.

-Хамгийн анх гадаадын уран бүтээлд оролцох боломж хэрхэн олдсон бэ?

-“Тэнгэрийн чоно” холбоо түүхэн уран бүтээлээр дагнан ажилладаг, морь малтай, жүжигчдийн хийж болохгүй, хэцүү үзэгдлүүд буюу  морьтой унах, онхолдох, цоройх, өндрөөс унах, усанд живэх, галд шатах гэх мэт үзэгдлүүдийг гүйцэтгэхэд түлхүү анхаарч ажилладаг байсан. 2007 оноос хойш “Төрийн дайсан”, “Аравт, “Долоон бурхан харвадаггүй”, “Ану хатан”, “Говийн домог” зэрэг уран бүтээлүүдэд цуварч ажилласан.  Тэр үед бидэнд маш том боломж олдсон нь “Үргээлэг” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан Нетфликсийн “Марко Поло” цуврал бүтээлд Ариг бөх хааны дүрийг бүтээх болсон юм. 2015 онд Монголд “Марко Поло” киноны нээлтийг хийх үед тус киноны ерөнхий продюсер Жон Фуско хүрэлцэн ирсэн. Манай залуус ч түүнд юу чаддагаа харуулахаар багахан хэмжээний үзүүлбэр үзүүлэхэд түүнд таалагдаж, “Монгол залуусын эр зориг, эрэмгий дайчин чанар миний кинонд хэрэгтэй” гээд биднийг урьсан юм. Ингээд л Монголоос арван хүнтэй орлон тоглогчийн баг Унгар улсыг зорьсон доо. Бид 2015 оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл Унгар, Словак улсад “Марко Поло” киноны хоёрдугаар улиралд амжилттай ажиллаад эх орондоо ирсэн.

-“Mongol Stunt” буюу Монголын орлон тоглогчдын холбоо тэгвэл хэрхэн үүссэн юм бэ?

-2008 онд хийгдсэн “Цагдаагийн тангараг” кинонд өөрсдийн ур чадварыг сорьж, орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байсан “Action Crew” хэмээх Монголын киноны орлон тоглогчдын баг байдаг. Тэрхүү багийг үүсгэн байгуулсан М.Наранбаатар, А.Лхагвасүрэн, Б.Нандин-Эрдэнэ тэргүүтэй дүү нар маань орлон тоглогчдын багийг байгуулж биднийг бас хурцалж байлаа. Яваандаа хоёр баг нэгдэн “Зангараг”, “Үргээлэг”, “Говийн домог”, “Босуул” зэрэг бүтээлүүдэд хамтарч ажилласан. Бие биенийгээ нөхсөн, хоёр хүчтэй баг олон улсын төсөл дээр Монгол гэсэн нэрийн дор нэгдэх болсон нь “Mongol Stunt” холбоо үүсэн байгуулагдах суурь болсон гэж хэлж болно.

-“Марвел” студийн шинэ уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа гэж дуулсан. Киноны зураг авалт хэр үргэлжилж байна?

-“Долоон яст мэлхий” продюсерын компанийн агентлагаар дамжиж Холливуд ОУ-н төслүүддээ амжилттай ажиллаж байна. Уг агентлагийн үүсгэн байгуулагч Д.Золжаргал дүү маань “Мулан” болон Марвелийн төслүүдэд орлон тоглогчоор ажиллаж, орчуулагчийн багийг удирдсан юм. “Мулан” төсөлд Монголоос 50 хүнтэй мэргэжлийн орлон тоглогч, морь унаач ( horse rider)-н  болон таван хүнтэй мэргэжлийн орчуулагчдын баг амжилттай ажилласан. Энэ завшааныг ашиглаад бидний урилгыг хүлээн авч, хамтран ажилласан "Марко Поло" төслийн Монгол талын зөвлөх Бямбадорж болон Ч.Мөнхнаран, н.Амараа, н.Ундраа, Н.Золжаргал нартаа хамт олныхоо өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн морьтны багт бидний урилгаар ажилласан Монголын кино урлагт хүчин зүтгэж буй найруулагч, дууны оператор, зураач зэрэг залуустаа талархлаа. 

Бид бусад киноны мэргэжлийн залуусыг баг дотроо багтааж, өөрт олдсон боломжийг бусадтайгаа хуваалцсан нь тодорхой түвшинд ахиц дэвшил гарсан гэж бодож байна.

Одоо бид Авсралид "Марвел" студитэй хамтарч буй шинэ киноны зураг авалтдаа орж байна. Киноны нэрийг нь хүртэл нууцалж байгаа тул тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна. Уучлаарай.

-Одоо нээлтээ хийгээд байгаа “Уолт Дисней” кино компанид мөн Монгол залуус орлон тоглогчоор ажилласан. Энэ талаар ярьвал?

-2018 онд “Уолт Дисней” компанийн Мулан төсөлд Монголоос 55 орлон тоглогч хамтарч ажилласан. “Марко Поло” киноны төсөл дээр ажиллаж байсан Вейн гэдэг ах бидэнтэй холбогдож, санал тавьсан юм. Вейн бол “Бөгжний эзэн”, “Аватар” зэрэг кинонд морь сургагчаар ажиллаж байсан туршлагатай хүн. “Action Crew” Монголын орлон тоглогчдын багийн мөрөөдөл бол алдарт жүжигчин Жеки Чантай хамтарч ажиллах байсан. Харин домогт тулааны мастер Жет Лигийн морьтой хэсгийн орлон тоглогчоор А.Лхагвасүрэн дүү маань маш амжилттай ажилласан. Дүү нар маань “Мулан” кинонд ажиллаж мөрөөдлөө биелүүлж чадлаа. Тус төслөөр Монгол залуусын эр зориг, авхаалж самбаа, ур чадварыг харуулж, Монголчууд ямар даруу төлөв, хийсэн ажилдаа эзэн болж, цэрэгжилтийн байдалд байж чаддагийг, ямар өндөр түвшинд ажилладгийг харуулж чадсан.  Монгол Залуус дэлхийн хэмжээний Холливудын кинонд оролцож байгаа нь маш олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүн юм.

-НЭГ ОРЛОН ТОГЛОГЧ ҮЗҮҮЛБЭРЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙХАД, ТҮҮНИЙ ЦААНА
БҮХЭЛ БҮТЭН БАГ ХАМТ ОЛОН АЖИЛЛАЖ БАЙДАГ-

-“Mongol stunt” монголын киноны орлон тоглогчдын холбоо хэдэн гишүүнтэй вэ?

-Одоогоор манай холбоонд албан ёсны харьяалалтай 25 гишүүн бий. Мөн морьт харваа, тулааны тамирчин гэх мэт томоохон уран бүтээлд шаардлагатай үед ирж ажилладаг гишүүд бий. Бүгд нийлээд 50-60 орчим залуус байна. Харин байнгын бэлтгэл сургуулилттай 20 орчим гишүүн бий. Манай холбоо шаардлагатай тохиолдолд элсэлт авдаг. Сүүлийн үед хоёр жилд нэг удаа элсэлт авч эхэлсэн. Энэ жилийн элсэлтээр зургаан хүнийг шалгаруулж авсан. Биеийн хүч, бялдаржилтаас гадна кино урлагт хайртай байх, сэтгэл зүйн бэлтгэл, жүжиглэх ур чадварыг нь хардаг. Урлагт өөрийгөө сорих хүсэл сонирхолтой бүх залууст манай холбооны үүд хаалга нээлттэй.

-Орлон тоглогчид насны хязгаар гэж байдаг уу?

-Орлон тоглогч гэдэг бол залуу насны мэргэжил. Эрч хүч, шаарддаг урлаг спорт. Одоо манай холбоонд 16-35 насны залуус явдаг. 30 гарсан залуус бол нэлээн туршлага хуримтлуулчихсан байдаг. Багийнхаа аюулгүй байдлыг хангах, жүжигчдийг гэмтээж, бэртээхгүй байх тал дээр илүү сайн ажиллаж чаддаг гэж хэлж болно.

-Киноны орлон тоглогч жүжигчинд ямар, ямар шалгуурууд тавигддаг вэ?

-Багийн нэг орлон тоглогч үзүүлбэр хийж байхад ард нь аюулгүй байдлыг хангаж бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Кинон дээр нэг хүний үзэгдэл гарах ч түүний ард олон хүний хүч хөдөлмөр орсон байдаг. Гол дүрийн жүжигчний хийж болохгүй, бас хийж чадахгүй тэр үзүүлбэрүүдийг орлон тоглогч хийдэг. Гол дүрийн жүжигчин өндрөөс үсрэх, морьтойгоо унах зэрэг аюултай үйлдлийг хийж чадах байсан ч өөрөө бэртвэл кино зураг авалт зогсох эрсдэлд хүрнэ. Тэр киноны ард маш олон хүний хүч хөдөлмөр байдаг тул жүжигчнийг гэмтээхгүйн тулд орлон тоглогч хэрэгтэй болдог. Мөн жүжигчнээс илүү тулалдах, тухайн үйлдлийг илүү гоёоор хийхийн тулд орлон тоглогчийг ажиллуулдаг. Мөн орлон тоглогч жүжиглэх чадвартай байх ёстой. Кинонд буудуулах, зодуулах гэх мэт хэсгүүд дээр маш үнэмшилтэй байх хэрэгтэй учраас орлон тоглогч нөгөө талаараа жүжигчин юм. Орлон тоглогч болохын хувьд ганц бие бялдар гэхээсээ илүү сэтгэл зүйн бэлтгэл маш сайн хангасан байх ёстой. Сэтгэл зүйн болон биеийн бэлтгэлжилтийг төгс хангаж гэмээн орлон тоглогч болж чадна.

-МОНГОЛ ЗАЛУУСТ ХОЛЛИВУДАД ГАРАХ БҮРЭН НӨӨЦ БОЛОМЖ БИЙ-

-Монголд киноны орлон тоглогч хэмээх мэргэжил хөгжихөд юу хамгийн ихээр хэрэгтэй байна вэ?

-Монголд мэргэжлийн орлон тоглогчийн бэлддэг сургууль байхгүй. Бид нэг уран бүтээлээс нөгөө уран бүтээл рүү шилжих явцдаа илүү туршлагаждаг. Мөн албан ёсны диплом, үнэмлэх байхгүй учир мэргэжил гэж хэлдэггүй. Харин “мэргэшил” гэж ярих нь зүйтэй болов уу. Унгарт байхад бидэнд шалгалт өгч мэргэжлийн үнэмлэх авах боломж байсан ч ажлын цаг зав таараагүй. Одоо Австралийн орлон тоглогчийн академид шалгалт өгч, үнэмлэхээ авахаар бэлтгэл хийж байгаа. Удахгүй албан ёсны үнэмлэх, бичиг баримттай болно гэсэн зорилготой байна. Мөн бэлтгэл сургуулилт хийх заал, тусгай төхөөрөмжүүд маш их хэрэгтэй болдог. Эдгээрийг шийдэж чадвал Монгол залууст Холливудад гарах бүрэн боломж бий.

-Орлон тоглогчийн зовлон, жаргалыг “тогоон дотроос” нь мэдэрсэн хүний хувьд энэ мэргэшлийн юу нь хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг вэ?

-Яг кино уран бүтээлийн оргил хэсэгт орлон тоглогч үзүүлбэрээ үзүүлдэг. Тэр үед бүхий л кино багийнхан түүний үйлдэл дээр анхаарсан байдаг. Хүнд хэцүү үзүүлбэрийг эр зориг гарган, хийж гүйцэтгэсний дараа өөрөөрөө, мөн баг хамт олноороо бахархах мэдрэмж хамгийн сайхан. Мөн дараа нь тоглосон уран бүтээл дээрээсээ өөрийгөө харна. Яг тэр мөчид амьдралын минь нэгэн зорилго нь биелсэн мэт санагдаж, цаашдын эрч хүчийг өгч байдаг.

-Цаашид танай холбооныхон юуг зорьж, тэмүүлж байна?

-Өнгөрсөн жил манай багийнхан удахгүй нээлтээ хийх “Single Ladies-4” төсөлд ажилласан юм. Уг кинонд Монголын киноны орлон тоглогчдын “Mongol Stunt” холбооны удирдах зөвлөлийн дарга М.Наранбаатар дүү маань дүр бүтээсэн нь бидний дараагийн зорилго болох тулаанч жүжигчдийг бэлтгэн, олон улсад гаргах мөрөөдлийн маань эхлэл болсон гэж харж, их баярлаж байгаа. Энэ завшааныг ашиглан “U Film”-ийн хамт олонд уран бүтээлийн хамгийн том амжилтыг хүсэн ерөөе. Мөн хамт олноо удирдан чиглүүлж, олон сайхан уран бүтээлийг туурвиж буй Г.Ундармаа эгчийнхээ ажил амьдралд нь  сайн сайхныг хүсье.

Цаашид холбооныхоо залуусыг Австрали улсын олон улсын кино урлагийн сургуульд сургах, хүсэл сонирхлоор нь хөгжүүлэх, олон улсын түвшний адилхан зорилготой залуустай ойрхон байлгаж, тэднээс суралцахыг зорьж байна.

Мөн дараа дараагийн үеийнхээ гишгих гишгүүр, авирах шат нь байж, монгол хүний үнэ цэнэ хамгийн өндөрт үнэлэгдэх тэр боломжийг нээхийн төлөө хичээж ажиллах болно. Олон улсын кино төсөлд Монгол залуус ажиллаж буй нь Монголын кино урлагийн түүхэнд шинээр бичигдэж буй үйл явдал болж байна. Энэхүү төсөлд бие сэтгэл, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан оролцож буй багийхандаа маш их талархаж буйгаа хэлье. 

Бид Холливудын уран бүтээл дээр ажиллахыг мөрөөдөж, анх эхэлж байсан. Харин энэ мөрөөдөл биелж, өнөөдөр манай залуус Холливудын гурав дахь том уран бүтээл дээрээ ажиллаж байна. Уулчин хүн Эверестийн оргилд гарахыг мөрөөддөг бол кино урлагт зүтгэж яваа хүн Холливудын оргилд гарахыг мөрөөддөг. Монгол залуус баг хамт олноороо тэнгис гаталж, тив алгасан дэлхийн кинонд ажиллана гэдэг үнэхээр гайхалтай. 




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө