Малын бэлчээрээс болж хоёр хүнийг буудан хөнөөсөн этгээд өөрийгөө буудаж, амиа хорложээ

Малын бэлчээрээс болж хоёр хүнийг буудан хөнөөсөн этгээд өөрийгөө буудаж, амиа хорложээ

Энэ долоо хоногийн Лхагва гариг буюу есдүгээр сарын 9-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар баг Урд хүйгийн гэх нэртэй газарт олныг цочирдуулсан нэгэн аймшигт хэрэг гарсан билээ. Хэргийг тодруулбал, тус газарт нутагладаг малчид бэлчээрийн маргаанаас үүдэн нэгнийхээ аминд хүрсэн юм. Уг хэргийг үйлдсэн этгээд 23 настай У.Б нь хөрш айлын гэр бүлийн гишүүд болох эхнэр 51 настай Э.М-ийг нуруун тус газарт, нөхөр 51 настай Д.Б-г цээжин тус газарт нь буудан хөнөөгөөд, хэргийн газраас зугатаажээ.

-ЖАРГАЛАНТ СУМААС 40 КМ-ИЙН ЗАЙД АСГАТ ГЭХ ГАЗРААС ХЭРЭГТНИЙ УНАЖ ЯВСАН МОТОЦИКЛЫГ ОЛСОН БОЛ ОРОЙ 19:00 ЦАГИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ БУУДАЖ, АМИА ХОРЛОСОН БАЙХАД НЬ ОЛЖЭЭ-

Энэхүү хэрэг нь есдүгээр сарын 9-ний өдрийн 14:00-15:00 цагийн хооронд болсон бөгөөд хэрэг гарсанаас хойш тус аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин галт зэвсэгтэй этгээдийг шуурхай баривчлахаар аймаг даяар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Харин өчигдөр \2020.09.10\ 14:00 цагийн үед хоёр хүнийг буудан хөнөөгөөд зугатсан этгээдийн унаж явсан мотоциклыг Жаргалант сумын төвөөс 40 километр зайд байдаг Асгат гэдэг газраас олсон бол орой 19:00 цагийн үед өөрийгөө буудаж, амиа хорлосон иргэн Б-ийн цогцсыг алба хаагчид олсон байна. Хэрэгтэн Б нь толгой тус газраа буудаж, амиа хорлосон байж болзошгүй ажээ.

-ХЭРЭГТЭН Б НЬ АМИА АЛДСАН ГЭХ ЭМЭГТЭЙ М-ИЙН НУРУУН ТУС ГАЗАРТ
ХОЁР УДАА БУУДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Буудуулж амиа алдсан гэр бүлийн гишүүд нь зургаан хүүхэдтэй бөгөөд насаараа мал маллаж амьдарсан аймгийн хошой аварга малчид байжээ. Харин хэрэг үйлдсэн гэх 23 настай Б нь аав, ээжийн хамт мал малладаг бөгөөд тэд олон жил айл, хөрш явжээ. Тэд хаа нэг бэлчээрийн газраас болж муудалцаж, хэрэлдэж байсан удаатай ба хэрэг гарсан өдөр ноцтой муудалцаж, маргалдсан зүйл байгаагүйг ойрын эх сурвалжууд хэлж байсан юм.

23 настай Б нь аавынхаа эзэмшдэг,  ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Сайга” маркийн буугаар хохирогч нарыг буудаж амь насыг нь хохироогоод зугтахдаа биедээ хоёр ширхэг галт зэвсэгтэй зугтсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээлээд байна. Мөн эхнэр болох 51 настай Э.М-ийг нуруун тус газарт нь хоёр удаа буудсан гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

-ТЭР ХАВИЙН МАЛЧДЫН ДУНД БЭЛЧЭЭРИЙН МАРГААН ҮРГЭЛЖ
ҮҮСДЭГ БАЙСАН БӨГӨӨД  ТУС ЭТГЭЭДҮҮД ОЛОН ЖИЛ
АЙЛ, ХӨРШ ЯВСАН ХҮМҮҮС АЖЭЭ-

Хэрэгтэн болох Б-ийн ар гэрийнхэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хониндоо явна гээд гарсан хүн хүн буудчихаад, зугатаачихсан гэхэд огт итгээгүй. Энэ хавийн айлууд бэлчээрийн асуудлаас болж үргэлж муудалцдаг байсан. Дүү маань ч мөн үүнээс болж их дарамттай байсан. Гэхдээ тийм хүн алчихаар уур, омогтой хүүхэд биш. Ямар ч сэтгэцийн өөрчлөлтгүй, эрүүл хүүхэд. Аав, ээжтэйгээ таван жил мал маллаж байна” гэж мэдээлсэн байдаг.