Орос, Хятад, Ираны хакерууд Трамп, Байдены сонгуулийн штабад халдсан гэв

Орос, Хятад, Ираны хакерууд Трамп, Байдены сонгуулийн штабад халдсан гэв

“Microsoft” компанийн шинжээчид Орос, Хятад, Ираны хакерууд удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай холбоотой байгууллагууд, хувь хүмүүсийн мэдээлэлд халдсан гэж мэдээлжээ.

Тус компанийн цахим хуудсанд “Сүүлийн долоо хоногуудад Орос, Хятад, Ирантай холбоотой хакерууд Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байдены сонгуулийн штабуудын цахим сүлжээнд халдах боллоо. Тодруулбал, ОХУ-аас үйл ажиллагаа явуулдаг гэгддэг “Strontium” хэмээх хакеруудын бүлэглэл /“Fancy Bear” нэрээр мөн алдартай/ сонгуулийн кампанит ажлын штаб, хүний эрхийг хамгаалах бүлгүүд, намууд, улс төрийн зөвлөхүүд зэрэг 200 гаруй байгууллагад халдлага үйлджээ.

Кибер халдлагын зорилго нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хоёр нэр дэвшигчтэй ойр хүмүүс, байгууллагуудын талаар мэдээлэл олж авах юм” гэж бичжээ.

Харин Хятад, Иранаас халдлага үйлддэг хакерууд сонгууль болон Трамп, Байдан нарын сонгуулийн штабтай холбоотой өндөр албан тушаалтнуудын мэдээлэл рүү халдсан аж. Ихэнх халдлагыг аюулгүй байдлын хэрэгслүүд цаг алдалгүй илрүүлж, урьдчилан сэргийлсэн гэж “Microsoft” мэдэгдсэн байна. Кибер халдлагад өртсөн бүх байгууллага, хувь хүмүүс тус компаниас мэдэгдэл хүлээн авсан байна.

Эх сурвалж: Financialtimes