Хятадын "ByteDance" компани TikTok үйлчилгээг зарах “Microsoft” компанийн үнийн саналаас татгалзлаа

Хятадын "ByteDance" компани TikTok үйлчилгээг зарах “Microsoft” компанийн үнийн саналаас татгалзлаа

Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг TikTok сошиал платформыг Трампын засаг захиргаа “хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна” гэсэн шалтгаанаар хориглох шийдвэр гаргасан билээ. Гэсэн ч ByteDance компанид 45 хоногийн хугацаа өгч, энэ хооронд Америкийн аль нэг компанид зарахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн компани үнийн саналаа ирүүлсэн бөгөөд “Microsoft” компанийг худалдан авах хамгийн боломжит компани гэж үзэж байсан.

Харин TikTok-ийг худалдаж авахаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн тус компанийн саналыг ByteDance компани хүлээн авахаас татгалзсаныг өчигдөр /2020.09.13/ мэдээлжээ.

Майкрософт компаниас гаргасан мэдэгдэлд “ByteDance компани TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг бидэнд зарахгүй болсноо өнөөдөр мэдэгдлээ. Манай тавьсан санал үндэсний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ TikTok-ийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахуйц байсан гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Наймаанаас Майкрософт гарснаар Америкийн өөр нэг томоохон технологийн компани Oracle-д боломж нээгдэж байна. “Oracle” компани TikTok-ийг худалдаж авах өрсөлдөөнд өнгөрсөн сарын сүүлээр орсон тухай мэдээ цацагдаж байв.

Эх сурвалж: BBC