Дарханы  замын 2, 4-р багцын ажлыг ирэх оны арваннэгдүгээр сард дуусгана гэв

Дарханы замын 2, 4-р багцын ажлыг ирэх оны арваннэгдүгээр сард дуусгана гэв

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасны дагуу тус замын хоёр эгнээг сэргээн засварлах, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон юм. Ингэхдээ замыг таван хэсэгт хувааж засварлахаар, гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт явуулан, тус тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан байдаг.

Дөрөвдүгээр сараас хойш тус авто замын нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц 40.87 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг албаныхан мэдээллэж байв.

Зам барилгын ажлын гэрээг энэ оны зургадугаар сарын 12-14-нд хийж, багц тус бүрийн ажил өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн байна. Гэрээнд зааснаар ажлыг 365 хоног буюу нэг жилийн хугацаанд гүйцэтгэж, энэ оны зургадугаар сарын 21-нд дуусгахаар төлөвлөж байсан юм.

Гэвч зам хугацаандаа ашиглалтад ороогүй байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тайлбарлахдаа “Зам тавихад тулгарч буй хамгийн эхний асуудал бол газар чөлөөлөлтийн ажил байна. Зарим иргэд зам тавих сургаар газар авч замын ажил эхлэх болохоор газраа үнэтэй зарна гээд байдаг. Зарим нь мөнгөө өгөхгүй бол газраа чөлөөлөхгүй гэж дайрдаг” хэмээж байв.

Одоогоор 1-р багцын ажил 68.5 хувийн гүйцэтгэлтэй явж буй бол 2, 4-р багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км замын ажил таг зогссон байдалтай байна. Энэхүү хэсгийг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” \групп\ хийх байжээ. Гэвч тус компанийн байрладаг БНХАУ-ын Шинжиан мужид гарсан Ковид-19 халдвартай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас гэрээ цуцлах хүсэлтээ наймдугаар сарын 16-нд ирүүлсэн байна. Одоогоор гэрээ цуцлах үйл ажиллагаа явж байгаа аж. Тиймээс дээрх хоёр багцын гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулна гэж албаны хүн мэдээллээ. Төлөвлөгөөгөөр бол энэ ондоо багтаан сонгон шалгаруулж ирэх оны гуравдугаар сард замын ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгана гэв.

Дараагийн 3-р багц замын ажил 53 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх аравдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байгаа ажээ. Сүүлийн 5-р багц замын ажил 50.9 хувьтай явж байна. Мөн ирэх аравдугаар сард хучилтаа хийхээр төлөвлөж байгааг ажил гүйцэтгэгчид мэдээллээ.