М.Гэрэлчулуун: УИХ-гишүүн С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх нарыг АТГ-т шалгуулна

М.Гэрэлчулуун: УИХ-гишүүн С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх нарыг АТГ-т шалгуулна

Өнөөдөр Монголын Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Монгол машин байгууламж" ХК-ны үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун хэлэхдээ "Өнөөдөр Засгийн газар дотоодын автобус үйлдвэрлэлийг дэмжихгүй, БНХАУ-аас 1,200 автобусыг оруулах гэж байна.

Тодруулбал, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний аж үйлдвэр, шинэ технологи, инновацийн салбараа хөгжүүлэх замаар ард иргэддээ тогтвортой ажлын байр, орлоготой болгох зорилгоор УИХ-аас

  • Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаарх баримтлах бодлого-2010
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2012
  • Ногоон хөгжлийн бодлого-2014
  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030
  • ЗГ-ын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд батлан гаргаж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт өгч ирсэн.

Тус бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор  олон хууль, эрхзүйн актуудыг гаргасан хэдий ч төрийн бодлогын эсрэг, хууль эрхзүйн олон актуудыг зөрчиж "Сити павлик транспорт корперэйшн" ХХК-ийн захиалгаар 1,200 цахилгаан автобус, 250 сургуулийн хүүхдийн автобус худалдан авах гэрээг БНХАУ-ын Ying Long компанитай байгуулсан байна. 

Гадаадаас оруулж ирэх 1,200 автобус нь 242,553 долларын үнэтэй бол бид дотооддоо 195,000 доллараар угсарч үйлдвэрлэдэг. Энэ нь манай улсыг 322,9 сая ам доллар буюу 936,4 тэрбум төгрөгийн өрөнд оруулахад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо машин механизм үйлдвэрлэгчдийг дэмжихгүй, тэдний ажлын байрыг булаасан энэхүү үйлдлийг эсэргүүцэж байна. Бид өнөөдөр 300 орчим тээврийн хэрэгслийг Монголдоо үйлдвэрлэсэн. 

Тиймээс УИХ-гишүүн С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шаардлага хүргүүлнэ" гэсэн юм.