Франц болон Шведээс А.Навальныйд давтан шинжилгээ хийж “новичок”-оор хордсон болохыг нь баталлаа

Франц болон Шведээс А.Навальныйд давтан шинжилгээ хийж “новичок”-оор хордсон болохыг нь баталлаа

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд Франц болон Шведийн эмнэлгийн байгууллагаас давтан шинжилгээ хийж, ОХУ-д бүтээсэн “новичок” хэмээх хороор хордуулсан болохыг баталлаа.

Хэдийгээр ХБНГАУ А.Навальныйг новичокоор хордсоныг баталж байсан ч ОХУ-ын хэд хэдэн нөлөө бүхий хүн үүнийг нь үгүйсгэж байсан юм. Тодруулбал, “Новичок”-ийг хийхэд гар бие оролцож байсан ОХУ-ын профессор Леонид Ринк “Хэрвээ Навальный новичокоор хордсон бол өдийд эмнэлэгт биш, оршуулгын газарт хэвтэж байх байсан. Бас түүнтэй хамт байсан болон түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн хүмүүс ч их, бага хэмжээгээр хордох байсан юм.

Учир нь “новичок” бол агаарт хоромхон зуур дэгдэхээс гадна хордуулах чадвараа орчин тойрондоо тодорхой хугацаанд үлдээдэг хор. Новичокоор нэг байлдагчийг хордуулахад л бүтэн “гарнизон” тэр чигээрээ өртөхөөр бүтээгдсэн эд.

Хүүхэн хараа нарийсаж, засвар зайгүй чичрэх шинж тэмдэг удаан хадгалагддаг. Энэ шинж тэмдгийг Омскын эмч нар  анзаараагүй үлдсэн байх учиргүй. Дээр үед англичууд Скрипалийг “Новичок”-оор хордуулчихлаа гээд бүхэл бүтэн дүүргээр нь хөл хорио тогтоож, явсан замыг нь ариутган, таарсан хүн болгоныг хөл хорионд оруулж, өмсөж явсан хувцас, муурыг нь хүртэл шатаасан. Гэтэл А.Навальныйн эхнэр амны хаалтаас өөр хамгаалалтгүй түүнтэй харилцсан. Новичок байсан бол түүний эхнэр аль хэдийн эмнэлгийн орон дээр хэвтэж байх ёстой” гэсэн тайлбарыг өгсөн юм. Үүнийг ОХУ-ын эрх баригч намын гишүүд ч дэмжиж, “А.Навальныйг хордуулах нь хэнд ч ашиггүй” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Харин олон улсын тавцанд хүчтэй байр суурийг илэрхийлэгч Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан "Химийн зэвсгийг хориглох албан ёсны байгууллага буюу OPCW-оос хориглосон бодисыг Навалныйд хэрэглэсэн нь маш ноцтой гэмт хэрэг.

Би Оросуудад хандаж дахин хэлье, энэ бол Оросын нутаг дэвсгэр дээр зөвхөн Орос улс хэрэглэж байсан химийн зэвсгээр Орос хүнийг хордуулсан явдал. Ийм зүйл яаж болсон, яагаад ийм зүйл хийх болсныг бидэнд тайлбарла. Франц болон дэлхий нийт Москвагаас "хурдан хариу өгөхийг" хүлээж байна” гэсэн юм.

Навальныйд хийсэн хоёр дахь шатны шинжилгээгээр новичокоор хордуулсан болох нь ийнхүү батлагдсанаар эрх баригч намынхан ямар хариу өгөх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: DW




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө