БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Казакстан, Кыргызстан, Монголд айлчилж байна

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Казакстан, Кыргызстан, Монголд айлчилж байна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад өнөөдөр, маргааш /2020.09.15-16/айлчилна. Тэрбээр өнөөдөр үдээс хойш манай улсад газардах аж. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тилеуберди, Кыргыз Улсын Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцохын зэрэгцээ Казахстан, Кыргызстан, Монголд айлчилж байгаа нь энэ юм. 

Ван И Казахстан, Кыргызстан, Монголд айлчилж буй нь эдгээр орнуудтай цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал айлчлал болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь онцолжээ. 

Ван И нь манай улсад айлчлахдаа Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай уулзаж өргөтгөсөн хэлэлцээр хийнэ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. 

Гэхдээ айлчлалын бүрэлдэхүүн болон уулзалтад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлагдах учир төрийн гурван өндөрлөгтэй уулзахгүй ч байж мэднэ гэх мэдээлэл байгаа юм. Мөн түүнийг айлчлалын үеэрээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлтийг хийнэ, 1080 айлын орон сууцны шавыг тавихад оролцож магадгүй гэх мэдээлэл бий. 

Энэ удаагийн айлчлал хоёр орны дипломат болон эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, худалдаа хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, иргэдийн солилцоог дэмжих нэг шат ахиулна гэж үзэж буй. Харин манай улсын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх саналыг айлчлалын үеэр тавина. 

Энэ оны есдүгээр сарын 10-нд Москва хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн ээлжит чуулганаар дэлхий даяар тархаж буй шинэ коронавирусийн халдварын нөхцөлд ШХАБ-ын үйл ажиллагааны цаашдын хөгжил, боломжийг хэлэлцсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээлжээ. Цар тахлаас үүссэн амаргүй нөхцөл байдал, улс төр, нийгэм, худалдаа эдийн засгийн хүндрэлийг харилцан итгэлцэл, хамтын эрх ашгийг чухалчлан даван туулж, цаашдын хөгжлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг тэд энэ уулзалтаар онцолж байна. Мөн ирэх 2021-2025 онд ШХАБ-ын Стратегийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг мөн хөндсөн байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө