Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх дэвшихдээ С.Баярын аргыг хэрэглэх үү

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх дэвшихдээ С.Баярын аргыг хэрэглэх үү

Саяхныг хүртэл буюу УИХ-ын сонгууль дуустал Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвтэй, найртай энх тунх оршин байв. Харин сүүлийн өдрүүдэд тэднийг муудалцаж, хоёр талдаа гарсан тухай улс төрийн хүрээнд ярьж байна.

Тэд чухам ямар асуудлаас болж муудалцав. УИХ-ын сонгуулийн өмнө Х.Баттулга, У.Хүрэлсүх нар тохирч, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд бие, биенээ дэмжинэ хэмээн тохирсон гэдэг.

Тодруулбал, У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүх талаас нь дэмжиж, өрсөлдөгчөөр нь МАН-аас сул хүн томилж зориудаар ялагдуулна гэж тохирсон гэх.

Хариуд нь Х.Баттулга УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхийгээ дэмжиж ялуулахаар болсон гэх мэдээлэл бий. Гэтэл УИХ-ын сонгуульд ялж, санасандаа хүрсэн У.Хүрэлсүх хэлснээсээ буцаж ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд сул гишүүнээ бус өөрөө өрсөлдөхөөр сэм бэлдэж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Үүнд дургүйцсэн Ерөнхийлөгч Х.Баттулга түүний эсрэг улс төрийн том акц, Засгийн газартай нь хамт харлуулах технологи боловсруулсан гэж буй. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын гишүүд У.Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчид "Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш. Х.Баттулга дараа жил сонгогдвол зургаан жил Ерөнхийлөгчийн ажлыг хийнэ. Түүний дараа таны нэр хүнд одоогийнх шиг байх уу гэдэгт анхаар" хэмээн шахаж байгаа гэдэг. Ерөөс МАН-д дээрх шиг хуурах технологи олон жилийн өмнөөс нутагшсан бөгөөд У.Хүрэлсүх ч энэ удаа тус аргыг хэрэглэсэн бололтой. Түүх сөхвөл, 2007 онд С.Баяр МАХН буюу одоогийн МАН-ын даргаар сонгогдохоосоо өмнөх бүх яриа хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд болно гэж огт ярьж, тохироогүй гэдэг.

Ингээд намын даргынхаа ажлыг авч индэрээс үг хэлэхдээ "Надад бүрэн эрхийг нь өгөхгүй бол би намын дарга болоод нэмэргүй" гэж хэлж дараа нь Ерөнхий сайдаар томилогдсон түүхтэй. 

Үүн шиг л У.Хүрэлсүх чимээгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших учраас дараагийн Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын дунд аль хэдийн өрнөж эхэлсэн гэх ч мэдээлэл ч МАН дотор бий. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ил гарч зодолдоогүй ч дотроо нэлээн ширүүн маргаантай байгаа аж.