15 мянган жилийн өмнө устаж үгүй болсон агуйн баавгайн биеийн үлдэгдэл бүтнээрээ олджээ

15 мянган жилийн өмнө устаж үгүй болсон агуйн баавгайн биеийн үлдэгдэл бүтнээрээ олджээ

ОХУ-ын харьяанд орших хойд туйлын арлаас эртний агуйн баавгайн маш сайн хадгалагдсан биеийн үлдэгдлийг илрүүлжээ. Ляховскийн арлуудын хамгийн том арал дээрээс олдсон энэхүү баавгай нь 15 мянган жилийн өмнө устсан байна. Баавгай мөнх цэвдэгт хадгалагдаж байсан тул хоншоор, шүд зэрэг нь бараг бүтнээрээ үлджээ. Өмнө нь уг амьтны яснууд хэсэг хэсгээрээ олддог байсан бол биеийн үлдэгдэл анх удаа бүтнээрээ олдсоныг ОХУ-ын Якутскын хязгаарын Зүүн Хойд Холбооны Их сургуулиас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Урьдчилсан дүгнэлтээр нас биед хүрсэн уг баавгай одоогоос 22 мянгаас 39,500 жилийн өмнө амьдарч байжээ. Олдворын насыг нарийвчлан тогтоох ажил цааш үргэлжилж байгаа аж.

Баавгайн үлдэгдэл олдсон Ляховскийн арлууд нь Лаптевын тэнгис, Зүүн Сибирийн тэнгисийн дунд байрладаг. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж, арслан заан, үсэрхэг хирс, агуйн арслан зэрэг эртний амьтдын үлдэгдэл олноор илрэх болсон юм.

Эх сурвалж: APnews




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө