ФОТО: Өнөөдөр нээлтээ хийсэн Шинэ нисэх онгоцны буудал 2020 оноос зорчигч хүлээн авна

ФОТО: Өнөөдөр нээлтээ хийсэн Шинэ нисэх онгоцны буудал 2020 оноос зорчигч хүлээн авна

Б. ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛ УЛС АНХНЫ ХУРДНЫ ЗАМАА ХҮЛЭЭН АВЛАА

Шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. Мөн Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон хурдны замыг өнөөдөр нээлээ. Уг зам нь 32.2 километр урттай, замын зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, хоёр урсгал 6 эгнээтэй. Зорчих хэсэг тус бүр нь зааглагдсан байна.

Нээлтийн үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Монгол Улс анхны хурдны замаа хүлээж авч байна. Энэ зам тууш зам. Эрхзүйн хэллэгт 1996 онд "тууш зам" гэж орсон байдаг. Иргэдэд хэлэхэд хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. 100км/цагийн хурдтай явна.

Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм. Цаашдаа Монгол Улсад ийм зам олноор баригдана гэж найдаж байна" гэлээ.

Харин шинэ нисэх онгоцны буудал нь 2020 оны тавдугаар сараас зорчигчдоо авч эхлэх бөгөөд тэр хүртэл дотоод менежмент болон хуучин нисэх буудлыг нүүлгэх ажлууд явагдана.

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн нээлтийн үеэр хамгийн анхны онгоц газардсан бөгөөд үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн “Боинг-737-800” агаарын хөлөг амжилттай газардсан юм.

Үндэсний томоохон бүтээн байгуулалт болж буй нисэх буудлын нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан нарын тэргүүтэй хүмүүс оролцсон юм.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд хоёр улсын албаны хүмүүс төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, ашиглах шилжүүлэх менежментийн концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай 259 дүгээр тогтоолыг батлан гаргасан нь ийнхүү ажил хэрэг болов.

“Хөшгийн хөндий” дэх нисэх буудал нь 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр ажлаа эхлүүлсэн бөгөөд нийт 65.6 тэрбум иенээр босчээ. Жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авна. 21 онгоц хүлээн авах зогсоолтой, 32 объекттой, 3.800 метр шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа онгоц зэрэг бууж хөөрнө. Нислэгийн цамхаг нь есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Зургаан эгнээ хоёр урсгалтай, орох, гарах хаалга эмх цэгцтэй, үдэлт угталтын танхим зохион байгуулалттай энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь 1.200 га талбайг эзэлж байна. Мөн 800 метр куб хүчин чадалтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 автомашины зогсоол, 200 автомашины дулаан зогсоолтой юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН