ОХУ-ын тал зөвшөөрбөл манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус улсад айлчилна

ОХУ-ын тал зөвшөөрбөл манай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Оросын Холбооны Улсад албан ёсоор айлчлах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.

Энэхүү айлчлал нь ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч 2" хоолойг барих төслийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох юм. Харин Гадаад харилцааны сайдын айлчлалын хугацаа хараахан тодорхой болоогүй байна.

Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. "COVID-19"-өөс сэргийлэх үүднээс айлчлалыг халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулж буй бөгөөд БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзсан, тэдэнд үйлчилсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах юм. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээр хийсэн тул 14 хоног тусгаарлагдах ёстой юм. Тиймээс дээрх нөхцөл байдлыг ОХУ-ын талд танилцуулах бөгөөд хэрэв зөвшөөрбөл тусгаарлалтын хоног дуусахаас өмнө буюу ирэх 7 хоногт ОХУ-д айлчлах аж.