Ж.Батбаясгалан: Хандивын мөнгийг дарга, ажилтанд зарцуулсан зүйл байхгүй

Ж.Батбаясгалан: Хандивын мөнгийг дарга, ажилтанд зарцуулсан зүйл байхгүй

Улсын онцгой комисст иргэдийн өгсөн мөнгөн хандивын мөнгөөр зарим дарга, ажилтанд урамшуулал олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл өнөөдөр энэ талаар Хотын даргыг үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дараах тодруулгыг өгсөн юм.

Тэрбээр “Дөрвөн сарын хугацаанд ажилласан нийт салбарын хүмүүст таван сарын сүүлээр УОК-оос цалин дээр нь илүү цагийн мөнгө нэмж өгсөн. Бүх байгууллагад цалингийн фонд байгаа. Түүнд илүү цагаар ажиллах цалингийн тооцооллыг оруулсан байгаа.

Нийслэлийн хандив 200 сая төгрөгт хүрсэн. Хандивын нэг ширхэг ч мөнгийг дарга, ажилтанд зарцуулсан зүйл байхгүй. Аудитаар орж, шалгагдсан. Урамшуулал, илүү цагийн зарцуулалтыг хандивын мөнгөнөөс олгоогүй гэдгийг баттай хэлнэ. Илүү цагаар ажилласан нэг хүнд сард 250 мянган төгрөг олгосон. Ажилласан өдөрт нь хуваавал 10 мянга төгрөг л болох байх.

Үүнийг Нийслэлийн Засаг дарга, УОК-ын дарга буюу эрх бүхий байгууллагууд шийдвэрлэсэн. Шийдвэр гаргасан хүмүүс өөрсдөдөө илүү цагийн мөнгө хуваарилна гэж байхгүй. Тэдгээр хүмүүс дөрвөн сарын хугацаанд яаж ажилласныг та бүгд мэдэж байгаа. Тэгэхээр тэдний ажил, хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.