Эхнэрээ хэрцгийгээр зодож, машинаар дайран амийг нь хөнөөжээ

Эхнэрээ хэрцгийгээр зодож, машинаар дайран амийг нь хөнөөжээ

Олныг цочроосон аймшигт хэргүүд сүүлийн үед ихээр гарах болсон. Тэгвэл үүний нэг жишээ болох ноцтой хэрэг энэ сарын 14-15-нд шилжих шөнө болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур гэх суманд 26 настай, эмэгтэй Х нөхрийнхөө автомашинд дайруулан нас барсан хэрэг гарсан байна.

Хохирогчийн  нөхөр болох 28 настай иргэн Ц нь эхнэрийгээ хэрцгийгээр зодон, гарч зугатаахад нь араас нь автомашинаараа хөөн дайрсан байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлээд байна. Тус гэр бүлийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд нөхөр болох Ц нь эхнэр Х-д удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.

Одоогоор хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаачийн цогцсыг задлан шинжилж буй юм байна.

Хүчирхийллийн хэлбэр дээрх маягаар олон удаа давтагдсанаар эцэст нь гэр бүлийн нэгэн гишүүний амь нас хохирч, хүүхдүүд өнчрөн хоцордог хатуу бөгөөд үнэн хуультай. Өнгөрсөн тавдугаар сард  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон тохиолдол гарсан бөгөөд түүнийг одоог хүртэл саатуулан хорьж, шалгаж байгаа. Эрүүгийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүний амь насыг санаатайгаар хөнөөх, бие болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн бол 8-15 жилийн хорих ял онооно гэж заасан байдаг.