Ирэх даваа гарагаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Ирэх даваа гарагаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Нийслэлийн боловсролын газраас хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлт, сургуулийн автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 182 автобус хүүхдүүдэд үйлчилж байгаа билээ.  Тус мэдээллийн үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн явуулна.

Уг ажилтай холбоотойгоор нэр бүхий сургуулиудад чиглэлээ өгөөд хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн эцэг эхчүүд , хүүхдүүдэд мэдээлэл өгөн бэлтгэл ажлаа хангаад явж байна. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 хүүхдийн автобус авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжний 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа" гэдгийг хэллээ.

Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ тодорхой хэмжээнд оруулдаг эерэг нөлөөтэй гэж үздэг.