“Их хуралдай цогцолбор”-ыг Биндэр суманд бүтээн босгож байна

“Их хуралдай цогцолбор”-ыг Биндэр суманд бүтээн босгож байна

Хэнтий аймагт сүүлийн хэдэн жилд хийгээгүй томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа хэдий ч цахим ертөнцөд сэтгэгдлүүд тун ч таагүй байна. Хэнтий аймагт 2018 онд 58.3 тэрбум, 2019 онд 84.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийж байсан бол 2020 онд 130 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхлээд байна.

Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд нийт зургаан цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Монгол Улсад хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалт болох “Их хуралдай цогцолбор”-ыг Биндэр суманд барьж байна. 1206 онд Монгол Төрийн “Их Хуралдай” ямар орд өргөөнд хуралдсан талаар түүхчдээр судлуулсны үндсэн дээр уг цогцолборын зураг төслийг гаргажээ. Нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрхийг тодотгосон уг цогцолборын гол өргөө нь 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон байх аж.