Германд нацизмыг дэмжигч цагдаа нарын нууц чат группыг илрүүлж, 29 офицерыг ажлаас нь түдгэлзүүллээ

Германд нацизмыг дэмжигч цагдаа нарын нууц чат группыг илрүүлж, 29 офицерыг ажлаас нь түдгэлзүүллээ

Германы Умард Рэйн-Вестфалиа мужийн захиргаа нацизмыг дэмжигч цагдаа нарын нууц чат группыг илрүүлж, 29 офицерыг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэллээ. “WhatsApp” сүлжээний чат группт цагдаа нар нацизмтай холбоотой зураг, дүрс, Адольф Хитлерийн хөргийг хуваалцдаг нь илэрсэн байна. Улмаар умард Рэйн-Вестфалиа мужийн 34 цагдаагийн хэсэгт шалгалт явуулж, 11 гол сэжигтний гэрт нэгжлэг явуулсан байна.

Баривчлагдсан офицеруудын зарим нь нацизмын суртал ухуулга хийсэн, сошиал орчинд цагаачдыг хэл амаар доромжилсон хэрэгт, зарим нь тэдний үйлдлийг нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэгдэж байна.

Сүүлийн үед Германы зэвсэгт хүчин, цагдаагийн албанд хэт үндсэрхэг үзэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил байнга илрэх болсон. Долдугаар сард Германы прокурорууд цагаач гаралтай хэд хэдэн улс төрч рүү сүрдүүлгийн имэйл илгээсэн цагдаагийн экс офицерыг эхнэрийнх нь хамт баривчилж байсан юм.

Түүний мэйлд “NSU 2.0” гэсэн гарын үсэг байсан нь “National Socialist Underground” нэртэй нео-нацист бүлгийн нэр ажээ. Тус бүлэг 2000-2007 онуудад 10 удаа гадаадын иргэдийн эсрэг аллага зохион байгуулж байжээ. Зургадугаар сард Германы батлан хамгаалахын сайд нацист үзэл газар авсан “KSK” элит тусгай тасгийн бие бүрэлдэхүүнийг хэсэгчлэн тараах арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө