Есөн настайдаа их сургуульд элссэн гоц ухаантан хүү хоёрдахь сургуульдаа орохоор бэлдэж байна

Есөн настайдаа их сургуульд элссэн гоц ухаантан хүү хоёрдахь сургуульдаа орохоор бэлдэж байна

Энэ зууны гоц ухаантан хүү хэмээн нэрлэгддэг Нидерландын Лоран Симонс хүү есөн настайдаа Эйндховены Техникийн их сургуульд элсэж, хамгийн залуу оюутан болж байсан билээ.

Лоран Симонс Эйндховены Техникийн их сургуулийн /Eindhoven Unversity of Technology/ цахилгаан техникийн ангийг нэг жилийн дотор төгсөх хүсэлтэй байсан ч АНУ-ын нэгэн сургуулиас докторын зэрэгт суралцуулах хүсэлт тавьж, маш шахуу хичээлийн хуваарьтай болсон юм.

Тиймээс Эйндховены Техникийн их сургуулиас богино хугацаанд олон шалгалт өгөх тул цаашид суралцуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Улмаар хүүгийн гэр бүл нэг зэрэг хоёр их сургуульд суралцах боломжгүй гэж үзэн түүнийг өнгөрсөн онд их сургуулиас нь гаргажээ. Харин энэ онд гоц ухаантан хүүд Изриалийн их сургуульд суралцах урилга ирсэн талаар хүүгийн эцэг, эх мэдэгдсэн байна. Израилийн элчин сайд Эммануил Начшон “Лоран найман настайдаа ахлах сургуулиа төгссөн гоц ухаантан. Бельгийн гайхамшигт хүү Израилийн их сургуульд суралцаж, "дэлхийг өөрчлөх болно” хэмээн мэдэгдсэн байна. Хүү одоогоор ямар их сургуульд орохоо албан ёсоор шийдээгүй байгаа бөгөөд биотехнологи, анагаах ухаан, био-процессын инженерчлэлийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа аж.

Лоран Симонс дунд болон ахлах ангийн зургаан жилийн хөтөлбөрийг 1.5 жилийн дотор эзэмшиж, найман настайдаа дунд боловсролын гэрчилгээ авсан аж.

Зуны амралтынхаа дараа их сургуульд сурч эхэлсэн тэрбээр их сургуулийн хөтөлбөрийг ч бас хурдан эзэмшжээ. Симонс “сстатистик, геометр, алгебрыг бүгдийг нь багтаадаг учраас математикийн хичээлд илүү дуртай. Ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй бөгөөд хүний насыг уртасгах арга олохыг мөрөөддөг” байна.

Лораны ээж Бельги гаралтай, харин аав нь Нидерландын уугуул. Хүүг Бельгид төрсний дараа тэдний гэр бүл Нидерланд руу нүүжээ. Хүүгийн эцэг, эх гэр бүлд нь “вундеркинд” буюу гоц авьяастай хүү өсөн торниж байгааг харьцангуй эрт мэдсэн байна. Лоран үе тэнгийнхнээсээ ялгаатай нь тоглоом нэг их сонирхдоггүй байсан аж. Түүний IQ-ийн үзүүлэлт 145 бөгөөд ой тогтоолтын онцгой чадвартай гэж Нидерландын эмч нар дүгнэжээ. Ямартай ч коронавирусийн халдвар намжиж, хүн төрөлхтөн хэвийн горимд орсны дараа тэр хоёр дахь их сургуульдаа сурна хэмээн эцэг эх нь мэдэгджээ.

Эх сурвалж: Europeanpress