30 мянган хонийг бүрдүүлэхдээ Сүхбаатар аймгийн зарим малчдад ТӨЛБӨРИЙГ нь төлөөгүй

30 мянган хонийг бүрдүүлэхдээ Сүхбаатар аймгийн зарим малчдад ТӨЛБӨРИЙГ нь төлөөгүй

БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэсэн.

Энэ дагуу зарим байгууллага болон хувь хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг дэмжин хонь хандивласан нь нийлээд 14,846 болсон гэдэг. Харин нийт иргэдийн хандивласан 14,846 хонийг бүгдийг нь авах гэтэл тухайн бүс нутагт сүүлийн 3 жилийн хугацаанд шүлхий өвчин гарсан учир авахаас татгалзсан гэж холбогдох албаныхан мэдэгдээд буй.

Монголчууд бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг. Хэдий бэлэг мөн ч олон улсын хэмжээнд шүлхийг мал амьтны халдварт өвчний А ангилалд багтаадаг. Тэгэхээр шүлхий гарсан бүс нутгаас гурван жилд дотор мах авахыг олон улсад мөрддөг дүрэм, журмаараа хориглодог юм. Тийм учраас 30 мянган хонь бүрдүүлэх ажлыг яг энэ өдрүүдэд шүлхий өвчин гараагүй Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт зохион байгуулж байна.

30 мянган хонийг цуглуулахдаа тусгайлан компани аймаг, сумын Засаг дарга нартай хамтран зохион байгуулалтад орсон гэх мэдээлэл бий. Мөн малчдаас хонь тус бүрийг нь 95 мянган төгрөгөөр худалдан авах зарчмаар цуглуулах шийдвэр холбогдох газраас гарсан. Хэнтий аймагт л гэхэд л ЗДТГазар, багийн Засаг дарга, мал эмнэлэгүүд, түүхий эд боловсруулалтын үйл ажиллагааны байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.

Харин Сүхбаатар аймгийн зарим суманд малчдад 95 мянган төгрөгийг нь өгөлгүй хонийг авсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Н сумын иргэн ...-ын сайн малчин Т –ээс 20 хонийг нь авахдаа мөнгө төлөөгүй аж. Бид малчин Т-тэй холбогдон товч мэдээлэл авлаа.

Тэрбээр “Нутаг орны удирдлагууд ...-ын сайн малчин тус бүр 20 хонь хандивт өг л гэсэн. Малчид бид ойн баяр, элдэв арга хэмжээнд хонь хандивлаж байдаг болохоор өгсөн. Нэг хонийг 95 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэж сонссон. Гэхдээ бидэнд өгөөгүй. Сүүлд нь өгөх юм уу бүү мэд. Ямартай ч хандив л гэж танилцуулсан. Ах нь мөнгийг заавал авна гэсэн юм биш. Өмнө нь би хандив өгнө гэж мэдэгдээгүй” гэлээ.

Угтаа бол 30 мянган хонийг худалдаж авахад зориулж нийт 2 тэрбум 850 орчим сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт” ТӨҮГ-аас гаргана гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, төсөвтэй ажил. Малчдаас худалдаж авах ёстой атал хандив хэмээн ойлгуулж хонийг нь зүгээр авсан бол энэ ноцтой асуудал юм.

Дээрх 30 мянган хонийг Замын-Үүдэд байршуулж байгаад ирэх сарын 06-ны өдөр хөлөөр нь урд хөрш рүү гарган хүлээлгэж өгөх юм.