Европ тивд коронавирусийн халдвар эрчимжиж эхэлснийг ДЭМБ анхаарууллаа

Европ тивд коронавирусийн халдвар эрчимжиж эхэлснийг ДЭМБ анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд Европ тив даяар коронавирусийн халдвар эрчимжиж эхэлсэн нь “ноцтой дохио” болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүсийн захирал анхааруулжээ. Тодруулбал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд энэ тивийн орнуудын талаас илүү хэсэгт шинэ халдварын тохиолдлын тоо хоёр дахин өссөнийг тус байгууллагын Европыг хариуцсан захирал Ханс Клюге өчигдөр Копенгаген хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Өчигдрийн байдлаар дэлхий даяар батлагдсан халдварын тохиолдлын тоо 30 саяд ойртож, 942,000 хүн нас бараад байв. Зөвхөн өнгөрсөн нэг долоо хоногт Европ даяар 300,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анх цар тахал эхэлсэн гуравдугаар сарын үзүүлэлтийг давсан байна.

Энэ удаагийн давалгаанд залуу хүмүүс илүү их өртөж байгаа тул нас баралтын тоо, эмнэлгийн ачаалал нь халдварын тохиолдолтой ижил түвшинд өсөхгүй байгаа ажээ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Европ тивд нийт таван сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 228,000 хүн нас баржээ. Энэ удаагийн давалгаанд халдварын өсөлтөөр Испани, Франц улсууд тэргүүлж байна.

Эх сурвалж: BBC