СИНЬХУА: Хятад, Орос, Казахстан, Монгол улс эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулна

СИНЬХУА: Хятад, Орос, Казахстан, Монгол улс эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад төлөөлөгчид 2020 оны есдүгээр  сарын 10-нд ОХУ-ын Москва хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) -ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон билээ.

Энэхүү ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар COVID-19 тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг урагшлуулж, олон талт үзлийг дэмжихээ тус улс орнууд амласан гэдгийг Ван И Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Сайд нар ирэх арваннэгдүгээр сард товлогдсон ШХАБ-ын виртуал уулзалтыг дэлхийн тулгамдсан асуудлуудыг илүү үр дүнтэй шийдвэрлэх, аюулгүй байдлын эрсдлийг бууруулах, хөгжлийн боломжоо хуваалцах боломж болгон хэрэгжүүлнэ гэдгийг мөн дурджээ.

Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан болон Монгол улс хамтран цар тахлын эсрэг тэмцэх бүх нийтийн эрүүл мэндийн нийгэмлэг байгуулахаар тохиролцжээ.

Тодруулбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) -ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар “Ковид 19”-ийг даван туулахын тулд цар тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор ОХУ, Казахстан, Киргиз, Монгол Улсын Гадаад хэргийн сайд нартай санал солилцсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Энэ талаар Ван И “энэхүү шийдвэр нь дөрвөн улс бие биеэ илүү дэмжиж, тахлын эсрэг үр дүнтэй хамтын ажиллагаа явуулж байгаа нэг хэлбэр” хэмээн тайлбарлажээ.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хоёрдугаар сард Хятад улсад хийсэн айлчлалыг эргэн санаж, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Орос, Казахстан, Киргизстан улсуудын удирдагч нарын хооронд хийсэн утасны яриа хэлэлцээр нь цар тахлын эсрэг тэмцэхэд бие биендээ дэмжлэг, туслалцаа үзүүлж байсныг цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү цартахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой байгуулагдсан нийгэмлэгийн хүрээнд  сайд нар дараах дөрвөн чиглэлээр арга хэмжээ авахаар тохиролцлоо гэж Ван хэлэв.

  • Тодруулбал, БНХАУ болон бусад гурван орны цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг зохицуулах үүрэг гүйцэтгэхэд тууштай дэмжиж, цар тахлыг улс төржүүлж буй оролдлогыг эсэргүүцэх,
  • Цар тахлын эсрэг ололтуудыг нэгтгэн өргөжүүлэх,
  • Вакцин боловсруулах, үйлдвэрлэх, худалдан авах хамтын ажиллагааг идэвхтэй сурталчлах,
  • БНХАУ-ын уламжлалт анагаах ухааныг дэмжиж, хамтын ажиллагааны талаар хүчин чармайлт гаргана гэж тохиролцжээ

Мөн БНХАУ, ОХУ-ын харилцааны талаар Ван хэлэхдээ, “энэхүү хоёр улс олон улсын цартахлын эсрэг хамтын ажиллагааг дэмжих, томоохон улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших үлгэр жишээг бий болгох, технологийн дэвшилтэт шинэчлэлийг сайжруулах, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ . ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай ярилцсаны дараа хоёр талын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрсэн. Дэлхий ертөнц үймээн самуун, өөрчлөлтийн үе рүү шилжиж байгаа тул БНХАУ болон ОХУ-ын хоорондын харилцаа нь бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад илүү чухал ач холбогдолтой юм”гэж Синьхуа агентлагт мэдэгджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.