Д.Нямхүү: Нийт 1408 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, тусгаарлагдаж байсан эмэгтэй амаржиж хүүтэй болсон

Д.Нямхүү: Нийт 1408 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, тусгаарлагдаж байсан эмэгтэй амаржиж хүүтэй болсон

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11:00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг байсан ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна. Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 311. Үүнээс 302 нь эдгэрсэн. Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 281, найман хүн сувилалд, гэрийн ажиглалтад 13 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар есөн хүн эмчлэгдэж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өглөө 09:00 цагт ХӨСҮТ-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо” гэж мэдээллээ.