Гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр түрээсийн орон сууцанд орох боломжтой

Гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр түрээсийн орон сууцанд орох боломжтой

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн  материалыг энэ сарын 22-наас цахимаар бүртгэж, ирэх сарын эхний долоо хоногт багтаан орон сууцанд хамруулна. Тэгвэл  НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар түрээсийн орон сууцад хамруулах журмыг хэлэлцүүлж баталлаа. Мөн 972 айлын түрээсийн орон сууцны журмыг нэрийг “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам” болгон өөрчилжээ. Гэхдээ одоогоор түрээсийн орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байгаа юм байна.

“Иргэдийн ямар материал бүрдүүлэх, бүртгэл хэд хоног, хэрхэн явагдах талаар удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Одоохондоо хүүгээ тохироогүй, эргэн төлөлтийн хуваариа тодорхой болгоогүй байна” хэмээн нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар хэллээ.

Барилга хот байгуулалтын яамны баталсан журмын дагуу энгийн түрээсийн орон сууцын метр квадратын үнэ 6,000 орчим төгрөг байх юм байна. Мөн өмчлөхгүй, түрээслэх гэрээ гурван жил тутам шинэчлэгдэнэ. 972 айлын орон сууцын 40 хувийг нь газар чөлөөлөлтөд орсон иргэдэд олгохоор болжээ. 

Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Шар хад, Дэнжийн 1000 гэх мэт Улаанбаатар хотод баригдаж буй зургаан дэд төвийн хүрээнд “Орлогод нийцэх ногоон орон сууц”-ын төсөл хэрэгжихээр болжээ.

972 айлын орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд түрээслэхэд 30%, түрээслээд өмчлөхөд 30%, газар чөлөөлөлтөд орсон иргэд 40 хувийг тус тус түрээслүүлэхээр төлөвлөсөн.

Орон сууцыг таван жил түрээслээд үргэлжлүүлэн худалдан авах боломжтой юм. 

“Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-д зааснаар иргэдийг дараах ангиллын дагуу сонгон шалгаруулж, хуваарилна.

  1. Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%
  2. Төрийн албан хаагч- 25 %
  3. Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20%
  4. 18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%
  5. Өрх толгойлсон эцэг, эх- 5%
  6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%
  8. Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.

  1. Харааны бэрхшээлтэй-1%
  2. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%
  3. Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%
  4. Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%
  5. Бусад-1%