“DREAM” БУУДАЛД ХОРДСОН ИРГЭН: Бидний тусгаарлалтын хугацаа дууссан ч тодорхойгүй хугацаагаар сунгасан

“DREAM” БУУДАЛД ХОРДСОН ИРГЭН: Бидний тусгаарлалтын хугацаа дууссан ч тодорхойгүй хугацаагаар сунгасан

Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 20 орчим хүн "Dream" зочид буудалд тусгаарлагдаж байх хугацаандаа хордлогонд орж энэ долоо хоногт ХӨСҮТ-д хүргэгдсэн билээ.

Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэхдээ "14 иргэн хордлогонд орж ХӨСҮТ-д хүргэгдсэн. Яг ямар шалтгаанаар, юунд хордсон болохыг одоогоор шууд хэлэх боломжгүй байна. Шинжилгээний хариу удахгүй гарна" гэж мэдэгдсэн юм.

Харин өчигдөр /2020.09.18/ эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарч, хоолны хордлого болсон нь батлагдсан гэдгийг хордлого авсан иргэн өөрийн нүүр хуудсандаа мэдээлжээ.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 21 хоногийн хорио өчигдөр /2020.09.18/ дуусч байгаа ч тодорхойгүй хугацаагаар дахин тусгаарлалтын хугацааг сунгасан байна. Бид энэ талаар “Dream”буудалд тусгаарлагдаж байсан ч хордсон гэх оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй нэгэн иргэнээс энэ талаар тодруулсан юм.

-Тусгаарлалтын хугацааг дахин сунгасан гэх мэдээлэл үнэн үү. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа юу?

-Тийм ээ, үнэн.Биднийг эдгэртэл тодорхойгүй хугацаагаар ХӨСҮТ-д дахин тусгаарлахаар болсон. Олон сар хүлээж эх орондоо ирчихээд зочид буудлын ажилчдын хариуцлагагүй байдлаас болж дахин тусгаарлагдах болсондоо их  харамсаж байна.

-Та бүхний буруугаас болж дахин тусгаарлалт хийгээгүй учраас зардалыг улс хариуцаж байгаа юу?

-Тэгэх байх аа. Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга.

-Одоогоор ямар эмчилгээ хийж байгаа вэ. ХӨСҮТ-ийн хоолны чанар хэр байна?

-Одоо эм л ууж байгаа. Өрөөндөө хоёулаа тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн хоол дажгүй, гэхдээ их хүйтэн, шөнөдөө даарч байна.

-Хэзээнээс хордлогын шинж тэмдэг илэрч эхэлсэн бэ?

-Есдүгээр сарын 13, 14-нөөс эхлэн суулгаж, гүйлгээд байсан учир ХӨСҮТ-д энэ сарын 15-ны шөнийн 01:00 цагийн үед хүргэгдсэн.

-Сүүлд ямар хоол идсэн бэ. Ер нь тус зочид буудлын хоолны чанар, хүртээмж хэр байсан бэ?

-Гүйлгэж эхлэхээсээ өмнө банштай шөл, хуушуур, будаатай хуурга идсэн. Эрэгтэй хүмүүсийн хувьд хоолны хэмжээ жаахан бага санагдсан.

-Хоол идэж байх үед сонин амттай байсан ч гэх юм уу ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдсан уу?

-Тус хоолнуудын мах нь их сонин амттай байсан. Юуны мах болохыг нь мэдэхгүй байна.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ сарын 14-нд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүй. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Дээр дурдсанаар НМХГ-аас иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавьж ажилладаг. Хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон. Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Dream-1”, “Dream-2” зочид буудлын нэг нь шаардлага хангаж байгаа тул эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийн татан авалт хийж хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Тус буудлын хоолонд хордсон иргэдийн хувьд “Бид буудлын хоолноос өөр зүйлд хордсон байх боломжгүй. Биднийг гаднаас авсан хоол хүнсэнд хордсон байж болзошгүй гээд байгаа. Гаднаас хүнс авахаас өмнө бидэнд хордлогын шинж тэмдэг илэрсэн. Гадны улсад олон сар хүлээн байж эх орондоо ирчихээд ийм байдалд орж байгаадаа гомдолтой байгаа” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.