Үндэсний номын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлнэ гэв

Үндэсний номын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлнэ гэв

“Үндэсний номын баяр” өнөөдөр орон даяар эхэллээ. Уг баярыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар  өргөн барьсан байна. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлс, шинжлэх ухаан, оюуны өмч төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хүн төрлөхтний нийгэм, соёлын амьдралд даяарчлал асар хчүтэй нэвтэрч, техник технологи өндөр түвшинд хөгжиж байгаа энэ үед Монгол үндэсний соёл, хэл, зан заншлийг дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн төрийн үүрэг.

Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөлд жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь 7 хоногийн амралтын өдөр “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” тэмдэглэхээр заасан.

Энэ нь Монгол үндэстний соёлын өв дурсгалыг хамгаалах, ном бүтээх өвийг үргэлжүүлэх, хүүхэд залуучуудад уламжлан үлдээх чухал ач холбогдолтой. Мөн Монголын ном, бичиг, соёлын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлэх юм. Энэ хуулийг УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна” гэлээ.

Ташрамд дурдахад, Дэлхий нийтэд 100 гаруй улс номын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд хамгийн эртний уламжлалтай орон бол ХБНГУ байгаа. 17 дугаар зуунаас Франкфуртын номын баярыг тэмдэглэж ирсэн байна.